АНУ Оросын 300 хүртэлх тооны дипломатыг нутаг буцааж болзошгүй

Twitter Print
2021 оны 10-р сар 07-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Москва, Вашингтоны хооронд элчин сайдын яамны ажилтнуудыг тойрсон маргаан ид өрнөж байна. Оросын талаас АНУ-ын дипломатчдад виз олгохдоо “гар татах” болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй. Ийнхүү АНУ-ын сенаторууд Оросын 300 дипломатчийг албадан гаргах хүсэлтийг ерөнхийлөгч Жо Байденд өчигдөр бичгээр уламжилжээ.

ОХУ өнгөрсөн наймдугаар сард Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 182 дипломат ажилтан болон олон арван гэрээт ажилчдыг "хөөсөн" юм. Мөн тус яамыг Орос болон гуравдагч орноос ажилтан авч, гэрээ байгуулан ажиллахыг хориглосон билээ. Ийнхүү Орост АНУ-ын 100 орчим дипломатч үлдсэн бол АНУ-д Оросын 400 дипломатч ажилладаг.

АНУ-ын сенаторууд Байденд бичсэн захидалдаа “Дипломат төлөөлөгчийн газрын энэ тэнцвэргүй харилцааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс ОХУ-д алба хааж буй америк дипломатууд болон АНУ-д ажиллаж буй Оросын дипломатуудын тоог тэнцвэржүүлэх үүднээс Москва хангалттай хэмжээний виз олгох ёстой" гэжээ.

Москва үүнийг биелүүлэхгүй байх аваас Оросын 300 орчим дипломат ажилтныг АНУ-аас гаргах хэрэгтэй гэдгийг тэд мөн захиандаа дурджээ. Хүсэлт гаргагчид Сенатын гадаад харилцаа, тагнуулын хорооны удирдагчид болох АН-ын гишүүн Боб Менендез, Марк Уорнер болон БНН-ын гишүүн Жим Риш, Марко Рубио нар аж. Цагаан ордон, төрийн департаментаас хараахан хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: themoscowtimes.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.