Финляндын хамгийн сайн дунд сургууль

Twitter Print
2020 оны 07-р сар 25-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 40 гаруй жилийн өмнө хийгдсэн эдийн засгаа сэргээн босгох төлөвлөгөөний нэг гол цөм нь  Финляндын боловсролын салбарын өөрчлөлт байж.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлөөс эхлэнэ гэж үзэж.  2000 он хүртэл боловсролын салбарын өөрчлөлт нь хэр амжилттай хэрэгжиж байгаа, үр дүн нь хэр сайн байгаа талаар улсын хэмжээнд төдийгүй багш нар нь хүртэл бага ойлголттой байсан байна. Гэтэл тухайн жилдээ Programme for International Student Assessment-ээс 15 настнуудын дунд явуулсан шалгалтын үнэлгээгээр Финляндын сурагчид унших чадвараараа дэлхийд тэргүүлжээ.

Тус орны сурагчид гурван жилийн дараа буюу 2003 онд математикаар, 2006 онд  шинжлэх ухааны хичээлээр тус, тус ОУ-д нэгт бичигдэж.Үүнээс хойш Финляндын боловсролын систем олон үзүүлэлтүүдээрээ дэлхийд тогтмол тэргүүлж байна.

Олон улсын анхаарлыг маш их татах болсон энэ системийн онцлог нь дунд сургуулийн тухай бидний уламжлалт хандлагаас тэс өөр юм. Жишээ нь:

Гэрийн даалгавар

Финляндад  хүүхэд 7 нас хүрэхээр сургуульд ордог. Сургууль дээр бага ангийн сурагчдад ямар нэгэн гэрийн даалгавар өгдөггүй. Харин дунд болон ахлах ангийн  сурагчид гэрийн даалгавар хийлээ гэж бодоход өдөрт 10-20 минут зарцуулах байх гэжээ. Учир нь их энгийн, хүүхэд хүүхдээрээ байх нь чухал. Энэ насан дээрээ тоглож, инээж байхаас хичээлийн дарамтад байх ёсгүй гэж тайлбарладаг. Мөн нэмэлт дугуйлан, дамжаа, давтлагад явдаггүй. Гэхдээ ахлах ангийн сурагчид нь дунджаар 2-3 орны хэлээр ярина. 

Шалгалт ба өрсөлдөөн

Сурагчдаас 13 нас хүртэл нь ямар нэгэн шалгалт авдаггүй. Сурагчид сургуульд явах нийт хугацаандаа нэг удаа стандартчилсан тестээр шалгалт өгөх ба энэ нь ахлах анги төгсөх үедээ аж. Нэгэнт шалгалт байхгүй болохоор анги дотор сурагчдыг сурлагаар нь эрэмбэлэх, сайн, муу сурагч гэж ялгахгүй.

Олон улсын хэмжээнд явуулсан анги доторх сурлагын тэгш бус байдлыг үнэлсэн судалгаагаар, тус орны анги доторх сурагчдын сурлагын амжилт хамгийн тэгш байжээ. Өөрөөр хэлбэл, анги доторх хамгийн сайн үзүүлэлттэй хүүхдийн оноо, хамгийн муу үзүүлэлттэй сурагчийн оноо 2-ын зөрүү маш бага байсан байна.

Завсарлага

Мөн сурагчдын өдөр сургууль дээр өнгөрөөх дундаж хугацаа нь бусад улсын сурагчидтай харьцуулбал хамгийн бага байдаг байна. Хичээл ихэвчилэн 9 цагт эхэлж, 4-5 хичээл орсны дараа өдрийн 2 цаг өнгөрөөж тарна. Хичээл хоорондын завсарлага дунджаар 15 минут бөгөөд сурагчид ихэвчлэн гадаа тоглоно. Өдрийн нийт завсарлагааны  хугацаа 75 минут.

Завсарлага их, хичээллэх цаг харьцангуй бага байгааг хүүхдүүд амрах хэрэгтэй, хэт их хичээлийн дарамт нь хүүхдийн суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг гэж тайлбарладаг. Бас  хүүхдүүд чөлөөт цагаараа тоглонгоо олон зүйлийг сурдаг гэх.

Багш

Сургуулийн багшийн мэргэжил Финляндын хамгийн өрсөлдөөн ихтэй мэргэжил. Тус мэргэжлээр хамгийн амжилттай төгссөн 10 хувийг цаашид багшлах хөтөлбөрт хамруулдаг. Дунд сургуулийн багш нар заавал магистр зэрэгтэй, диплом бичиж хамгаалсан байх шаардлагатай. Зөвхөн сайн дүнээс гадна багш болох хүнд тавигдах шаардлага нь хүүхэдтэй харилцах чадвар.

Сурагчид бага хичээллэж, их завсарладагтай адил багш нар хичээлийн танхимд бага цаг өнгөрөөж, хичээлийн хөтөлбөртөө илүү анхаарал хандуулдаг. Сурагчдыг хэрхэн “төгс хүн” болгож бэлтгэх вэ гэдэг нь багш болон сургуулийн гол зорилго биш юм.Харин хэрхэн зөв бас аз жаргалтай хүн болгож төлөвшүүлэх нь чухал.

Финлянд улсын хамгийн сайн дунд сургууль

Финлянд улсын хамгийн сайн дунд сургууль аль вэ гэж асуувал танай гэртэй хамгийн ойрхон тэр сургууль гэнэ. Ангид хүүхдийг өрсөлдүүлдэггүй шиг, сургуулиудыг хооронд нь өрсөлдүүлдэггүй. Өрсөлдүүлэх шаардлагагүй бүгд ижил чанартай байх ёстой.

Хот, хөдөө ялгаагүйгээр, өрхийн орлогын түвшин хамаарахгүйгээр орон даяар ижил чанартай боловсрол эзэмших боломжийг хүүхэд болгонд хангажээ. Мэдээж орлого багатай айл хүүхдээ бусдын адил боловсрол эзэмшиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Харин орлого өндөртэй эцэг, эхчүүд хүүхдээ бусад хүүхдүүдтэй хэзээ нэгэн цагт хамтдаа ажиллаж, амьдрах учир хамтдаа нэг танхимд хичээллэх нь зөв  гэдэгт итгэлтэй байдаг.

Сүүлийн хэдэн жил энэ улсын боловсролын системээс туршлага судалж байгаа олон улс байна. Өөр, өөрийн орны боловсролын системтэйгээ харьцуулсан олон ч баримтат кино, нийтлэл гарч. Зарим орон нь Финляндтай харьцуулахад хүүхдэд дэндүү их даалгавар өгч байгаа, багшийн хөгжил сул байгааг онцолж. Зарим нь дунд сургуулийн төлбөр дэндүү өндөр байгаа нь зарим өрхийг санхүүгийн дарамтад оруулж байна, иймд дунд сургууль төлбөргүй байх хэрэгтэй гэжээ.

Д. Жавхланбаяр, MPH, PhD

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.