
Nike, H&M зэрэг брендүүд уйгурчуудыг хөвөн даавуу үйлдвэрлэлд албадан хөдөлмөрлүүлж байгаад сэтгэл зовниж, Шиньжаанаас хөвөн даавуу нийлүүлдэггүй гэсэн мэдэгдлүүд хятадуудын бухимдлыг төрүүлээд байна.
Үүнтэй холбоотойгоор хятадууд дээрх брендүүдээс татгалзахыг уриалж, Хятадын алдартнууд дээрх брендүүдтэй хийсэн гэрээгээ цуцалж, Хятадын цахим худалдааны платформууд H&M брендийн хувцаснуудыг платформоосоо хасчээ. Энэ 7 хоногт барууны хэд хэдэн орнууд хамтран Хятадын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн билээ. Тэд Хятадын эрх баригчдыг Шиньжаан мужид амьдардаг шашны цөөнх болох уйгурчуудын эрхийг ноцтой зөрчсөн явдалд буруутгаж байгаа юм. Nike, H&M компаниас гаргасан мэдэгдэлтэй холбоотойгоор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шиньжаан дахь хөвөн даавуу үйлдвэрлэлийг өмгөөлж, дээрх брендүүдийг буруушаасан кампанит ажлыг эхлүүлээд байна.
Хятадын CGTN суваг Weibo нийгмийн сүлжээнд Шиньжаан дахь хөвөн даавуун үйлдвэрлэл бүрэн автоматжсан, уйгурчууд хөвөн даавуун үйлдвэрүүдэд өндөр цалинтай ажилд орохын тулд өрсөлддөг тухай видео бичлэгийг байршуулжээ. H&M брендийн зүгээс Хятадын нийгмийн сүлжээ болох Weibo-д, "Хятадын хэрэглэгчдээ үргэлж хүндэтгэж ирсэн ба компанийн зүгээс ямар нэг улс төрийн байр суурь илэрхийлээгүй." гэсэн мэдэгдэл байршуулжээ. Лхагва гарагийн шөнө гэхэд Хятадын Pinduoduo, JD. com, Tmall зэрэг цахим худалдааны томоохон платформууд H&M брендийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас хасчээ.
Түүнчлэн Хятадын томоохон одууд дээрх брендүүдтэй хийсэн гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдэн, "Хятад улсын эрх ашиг бүхнээс дээгүүр" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Weibo нийгмийн сүлжээнд дээрх брендүүдийн бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан постууд хандалт ихээр авч, "Би Шиньжааны хөвөн даавууг дэмжинэ." гэсэн хаштэгийг тус нийгмийн сүлжээг хэрэглэгчид 1.8 тэрбум удаа ашиглажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.