Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн төлөв байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 18-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын эдийн засгийн оны эхний 9 сарын байдлаарх тайлан, мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 шахам хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүллээ гэж Ерөнхий сайд хэллээ. Задалж хэлбэл, уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна.

Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон, гэхдээ ажилгүйдлийн түвшин төдийлөн буурсангүй. Оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6,9 хувиар өсөхөөр урьдчилан тооцоолж байна. Чингис бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон Засгийн газар-Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлэхээр байна гэж Ерөнхий сайд танилцуулаад УИХ-ын гишүүдээс тавьсан асуултуудад хариулт өгсөн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.