
ДЭМБ Хойд Солонгос улс коронавирусын цар тахлын тархалтыг хяналтандаа авч чадсан хэмээн мэдээлж байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг онцлон, баттай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байгаа учраас нөхцөл байдал дордсон байх магадлал өндөр хэмээн үзэж байна.
Хойд Солонгосын телевизийн төрийн өмчит суваг хоёр долоо хоногийн өмнө коронавирусын шинж тэмдэг бүхий 390 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн хэмээн мэдээлж байсан бол өнөөдөр коронавирусын халдварйн давалгаа намжсан гэдгийг онцолж байна.
Пхеньян шинжилгээгээр коронавирусын халдвар гэдэг нь батлагдсан иргэдийнхээ тоог мэдээлэхгүй байгаа нь нөхцөл байдлыг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. ДЭМБ-ын онцгой байдлыг хариуцсан дарга Майкл Райан, "Бид Хойд Солонгосын нөхцөл байдал сайжрах бус дордож байгаа гэж таамаглаглаж байна." хэмээн өнгөрсөн лхагва гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлж байгаагаар ДЭМБ-д Хойд Солонгосын төрийн өмчит сувгийн мэдээллээс өөр мэдээллийн баттай эх сурвалж байхгүй байгаа ба тухайн улсын нөхцөл байдлыг нь үнэн зөв үнэлэхийн тулд хөрш Өмнөд Солонгос болон БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа гэжээ.
Түүнчлэн ДЭМБ-аас Хойд Солонгост коронавирусын эсрэг вакцин болон эм, халдвар хамгааллын хэрэгслийн тусламж үзүүлэх санал тавьсан гэжээ. Хойд Солонгосын төрийн өмчит сувгаар мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус коронавирусын шинж тэмдэг бүхий 96 610 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор мужууд халдвар хамгааллын кампанит ажлаа идэвхжүүлж, хөл хорио тогтоож, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, халдваргүйтэл ариутгал тогтмол хийж байна хэмээн онцолжээ.
Нөгөө талаас газар тариалангийн ажил зогсолтгүй үргэлжилж байгаа ба Хойд Солонгосын ерөнхий сайд Ким Ток Хун хэд хэдэн эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр, "Эмийн үйлдвэрлэл болон нийлүүлэлт хангалттай байх нь цар тахал дэгдсэн энэ үед ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэнэ." хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn