Халуун сэтгэлийн өглөг

Twitter Print
2020 оны 04-р сар 30-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Хэлэхүйеэ яруу тунгалаг,сонсохуяа зөөлөн дулаан, басхүү омог бардам сэтгэл төрүүлэм “өөрөөсөө давж, бусдад туслая” гэх уриатай олон улсын Ротарийн хөдөлгөөн Монголд үүсч хөгжөөд 25 жил болж байна. Дунд сургуулийн багш би бээр “Ротари клуб”-ийн хүнлэг нандин ажил үйлстэй 2009 онд сургуулийнхаа гурван давхрын нэгэн хаалга дээр “РОТАРИ КЛУБЭЭС БЭЛЭГЛЭВ” гэсэн бичиг байхыг олж харснаэар анх танилцсан юм. Тэр үед би нийслэлийн 14-р сургуульд багш байлаа.

Анзааргагүй явдаг би нэг өдөр 00-ийн өрөөний хаалган дээр хадсан уг бичгийн учрыг олохоор асуувал “-Ротари клуб манайд халуун усны өрөө тохижуулж өгсөн юм” гэнэ.

            -Халуун усны өрөө?

            -Тиймээ!

            -Сургууль дотор уу?

            -Тиймээ.

“Гэр хорооллын” голдуу сурагчидтай сургуульд тэрэн шиг хэрэгтэй юм гэж юу байхав! Ар гэрийн боломж муутайгаас халуун усанд орж чаддаггүй хүүхдүүдээ цэвэрхэн явуулах цаг ирсэн байна шүү дээ! Ингэж бодоод би өөрийн эрхгүй, “Ямар сайхан буянтай үйлс вэ? Гайхалтай!” хэмээн  дуу алдаж билээ.

Сурагчид маань дуртай үедээ усанд орж байх  зориулалтын таван кабин, шүршүүр, угаалтуур, агааржуулагч, бойлуур гээд шаардлагатай бүгдийг тэнд суурилуулжээ. Том биш ч, өдөрт 80-100  хүүхдэд үйлчлэх боломжтой юм. Хэн энийг ийм хурдан, чамбай хийж орхио вэ? Хэд хичнээн төгрөгийг хаанаас гаргав? Энэ асуултуудад зөвхөн РОТАРИ КЛУБЫНХЭН-ий сэтгэлийн өглөг, туслалцаа гэсэн ганц хариулт байсан юм. 

Маргааш нь би ангийн хүүхдүүддээ шинэ сонин мэдээг дуулгалаа. Бүгд алга ташин баярлаж байна. Аргагүй шүү дээ, халуун усны үйлчилгээ Монголд маань хэр элбэг билээ. Тэгтэл бас  манайхны сургуулиудад ийм өрөө байдаг бил үү? Надад бол хэзээ ч сонсож байгаагүй гайхамшиг. Үнэндээ содон санаачилга, халуун сэтгэл. Тийм халуун сэтгэлийн хариу болгож хүмүүс бид биеийн бүү хэл оюуны хирээсээ ангижирдаг жамтай.  

Бидний төлөө өгсөн том бэлгийн ачаар олон ч эцэг эхчүүд баярлаж, зөндөө сурагч үйлчлүүлсэндээ. Түүгээр ч зогсохгүй  сэтгэл хөдлөм буянтай энэ үйлсийн ачийг ухаарсан би  1905 онд АНУ-ын Чикаго хотноо анх байгуулагдсан РОТАРИ хэмээх хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага байдгийг мэдэж авсан юм. Өнөөдөр дэлхийн 1,2 сая Ротаричууд “Саа өвчнөөс ангид дэлхий ертөнцийг бий болгох” уриан дор 1985 оноос хойш 2,5 тэрбум хүүхдийг вакцинжуулан эмчилж, энэхүү аймшигт өвчнийг устгах ариун үйлсэд том хувь нэмэр оруулсан түүхтэй. Уг гайхамшигт ажилд дэлхийн хүмүүнлэг үйлсийг манлайлагч Билл Гэйтс нэгдсэн ба өөрийн сангаараа дамжуулан жил бүр хойч үеийнхний эрүүл мэндэд зориулан  нэг сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Басхүү дэлхийн Ротари нь үйл ажиллагааныхаа зургаан чиглэлээр суралцах зорилготой залууст жил бүр 7.5 сая ам. долларыг сургалтын тэтгэлэг болгон олгодог ажээ. Дашрамд хэлэхэд  дэлхийд “SERVICE ABOVE SELF” (ӨӨРӨӨСӨӨ ДАВЖ БУСДАД ТУСАЛЬЯ) гэх уриатай 36000 гаруй Ротари клуб буй бөгөөд энх тайвныг бэхжүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, цэвэр усны хангамж нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх зэрэг зургаан чиглэлээр ажилладаг юм билээ.

1995 онд манайд “Улаанбаатар Ротари” нэртэй клуб байгуулагджээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  эл байгууллагад 30-аас дээш насныхны арван найман Ротари клуб, залуучуудын арван таван Ротаракт клуб, өсвөр насныхны дөрвөн Интеракт клуб цэцэглэн дэвжиж, эгнээндээ мянга гаруй гишүүдийг нэгтгэн түмэнд тустай олон зуун үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Ротаричууд 25 жилийн хугацаанд суурь боловсролыг дэмжих 68, өвчнөөс урьдчилан сэргийлэх 70, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах  48, цэвэр усны хангамж ийн 15, орон нутгийн эдийн засгийг дэмжих 15, байгаль орчныг хамгаалах 15, залуусыг дэмжих 17 гээд нийт 250 гаруй удаагийн төсөл хэрэгжүүлэн 10.8 сая ам.долларын ажлыг хийжээ. Энэ төсөлт ажлаараа 500 гаруй га газрыг ойжуулж, Зүрхний өвчинд шаналсан 300 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэж, арван жилийн турш 21 аймгийн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээг хийсээр ирсэн түүхтэй.

Тэд удахгүй болох 25 жилийн ойдоо зориулан гадаад орнуудын Ротари клубуудтэй хамтран, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй тоглоомын талбайн төслийг эхлүүлээд байгаа аж. Бас л халуун сэтгэлийн санаачилга. Ингэхэд хүн төрөлхтний хамгийн аугаа гавьяа бол ирээдүй хойчдоо зориулан “алтныхаа авдрын амыг нээх” явдал шүү дээ.

“Бүтэн амьдрал” хэмээх саяхны олон ангит кинонд хорт хавдар тусан хүндэрснээс насан эцэслэх болсон нэгэн эмэгтэй, “Би амьд байх хугацаандаа бусдын төлөө юу ч хийж эс чадсан тул эрүүл эрхтнээрээ  донор болъё” гэж санал гаргаж байдаг. Тийм шүү, “Хүмүүн бид бусдын төлөө юу хийв?”. Энэ үгийг лавшруулан бодоход Ротари хэмээх байгууллагын гишүүн нь  болж, хүн төрөлхтний төлөө амьдралынхаа утга учрыг зориулж явдаг сайхан сэтгэлт бум буман хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй.   Би тэдгээр хүмүүсийг нэгтгэдэг Ротари байгууллагад зориулан ийм нэгэн шүлэг үлдээе. Аялгуут дуу болон дэлхийн хүн бүрийн сонорыг мялааж байх болтугай.

МИНИЙ МОНГОЛЫН РОТАРИ

Хурыг хүсдэг цэцэг хөөрхий

Хумьсан дэлбээ хатах хэцүү

Хурмаст тэнгэрээс хишиг хүртээе

Хур бороогоор шавшиж хайрлая

 

Бойтогхон бор болжмор хөөрхий

Босон суун даарвал хэцүү

Үүрий нь засаж түүнд туслая

Үрэл будаан хишиг хүртээе

 

Бултаж явдаг бөжин хөөрхий

Бут дэрсэнд хоргодох хэцүү

Араатнаас хамгаалах нөмөр болъё

Аюулаас зайлах аргийг нь заая

 

Энэлж шаналбал дэлхий хөөрхий

Эрин үедээ зовох хэцүү

Энх тайвнаар дэмжиж хайрлая

Эв найрамдлаар дэгжин жаргая

           

            Миний Монголын Ротари

            Мөнхийн цагаан сэтгэл

            Миний Монголын Ротари

            Мандан бадрах үйлстэй

Надмидын Мандал

2020 оны 4 дүгээр сар 29

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.