
Шри Ланкад хоол хүнс, шатахуун түлш, эрчим хүчний хомстлыг эсэргүүцэж Ерөнхийлөгчийнхөө ордны гадаа цугласан иргэдийн тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласны улмаас эмх замбараагүй байдал үүссэн. Уурлаж бухимдсан жагсагчид хамгаалалтын хашлагыг нурааж, автобус шатаажээ.
Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса эмх замбараагүй байдал үүссэнд хэт даврагчид буруутай хэмээн мэдэгдээд байсан билээ. Улмаар Шри Ланкад эдийн засгийн хямралын эсрэг жагсаал цуглаан өргөжин тэлсэнтэй холбогдуулан улс орон даяар онц байдал тогтоолоо. Тус улсын ард иргэд төр засгаа улс орноо эдийн засгийн гүн хямралд оруулсан гэж буруутган ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, хувийн эдлэнгийнх нь гадна жагсаал хийж байна.
Жагсаал цуглаан өргөжин Шри Ланка улсын өнцөг булан бүрт төр засгийн эсрэг жагсаал цуглаан болж, жагсаалд нэгдсэн иргэд хот суурин газруудын замын хөдөлгөөнийг хаажээ.
Иймд нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай хангамж үйлчилгээг хадгалах зорилгоор онц байдал тогтоолоо гэж тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын цагдаагийн газраас нийслэл Коломбо хот болон Баруун мужид баасан гарагаас эхлэн шөнийн хөл хорио тогтоож, хориотой бүсийн хүрээг өргөжүүлсэн байна.
22 сая хүн амтай Шри Ланка улс 1948 онд Британиас тусгаар тогтнолоо зарласнаас хойш хамгийн том хямралтай тулгарч байгаа юм байна.
Шри Ланкийн хувьд гадаад валютын нөөцгүй болж, эдийн засаг нь уналтанд ороод байгаа билээ. Өдрийн 24 цагийн 13 цагт нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд орж, шатахуун түлш, хоол хүнс, эм тарианы хомстолд ороод буй тус улсын иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна.
Ерөнхийлөгчийн ордны гадаа эхэлсэн иргэдийн тайван жагсаалыг цагдаа нар тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч зэргийг ашиглаж, жагсагчдыг зодсоноос болж жагсагчид болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулжээ.
Болж буй үйл явдал нь 2019 онд олонхын саналаар Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож, улс орны тогтвортой байдлын төлөө ажиллахаа амласан Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн нэр хүнд ард иргэдийн дунд унасныг харуулж байна. Ажиглагчид Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса төрийн дээд албан тушаалд өөрийн гэр бүл, ойр дотныхныгоо томилсон нь авлига, хээл хахууль нэмэгдэж, улс орных нь байдал уруудан доройтоход хүргэсэн гол шалтгаануудын нэг гэж үзэж байна.
Түүнээс гадна Ерөнхийлөгч болон сайд нар нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд ордоггүй, мөн асар их хөрөнгө мөнгөтэй зэрэг мэдээнүүд нь ард иргэдийн бухимдлыг бүр ч ихээр төрүүлэх болсон байна.
Шри Ланкийн засгийн газар эдийн засгийн хямрал нь коронавирусын цар тахал, 2019 онд болсон алан хядах үйл ажиллагаа зэргээс болж аялал жуулчлалын салбар нь уналтанд орж, гадаадын валютын урсгал зогссон хэмээн мэдэгдсэн байна. Харин ажиглагчид Шри Ланкийн эдийн засгийн хямралын шалтгаан түүнээс ч өмнө эхэлсэн гэж үзэж байна. 2000 онд л гэхэд тус улсын экспорт ДНБ-ийхээ 33 хувийг эзэлж байсан бол одоо 12 хувь болтлоо буурчээ.
Гадаадын валютын нөөцгүйн улмаас Шри Ланка шатахуун импортлож чадахгүй байгаа ба үүнээс болж тус улсын цахилгаан түгээх сүлжээ цахилгаан эрчим хүчээ илүү олон цагаар хязгаарлахаас өөр аргагүйд хүрээд байна.
Ойрын өдрүүдэд айл өрх, албан байгууллагуудын цахилгаан эрчим хүчийг 16 цагаар хязгаарлаж эхлэх тухай хэлэлцэж байгаа аж.
Цахилгааны хязгаарлалт нь худалдаа үйлчилгээ, боловсролын салбарын үйл ажиллагааг доголдуулж, сая сая иргэдийн амьдралд нөлөөлж байна. Өнгөрсөн өдрүүдэд гадаа халуун наранд шатахуун, хоол хүнс, эм тариа авах гэж дугаарлаж байгаад нас барсан 5 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.