ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл тэглэхээр боллоо

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна. Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой.

Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга. Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа. Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.

2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас  аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.

4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.

5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.

6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна. 

7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Энэ бүх арга хэмжээнд Засгийн газар 5.1 их наяд төгрөг зарцуулна" гэлээ. 

Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой Зээлийг тэглэх асуудлаар арилжааны банкны удирдлагуудтай уулзсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч аж ахуй нэгж бизнес эрхлэгч албан хаагчдын нөхцөл байдал хүндэрч байна. Арилжааны банкууд Монгол банкнаас тусдаа байгууллага. Тиймээс арилжааны банкуудад хүсэлт тавьсан. Монгол банк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хүүгээ бууруулах ёстой. Засгийн газраас олон удаа хүсэлт тавьж ажиллаж байгаа, хүсэлт биелүүлэхгүй бол  арилжааны банкуудын "эрүүл мэндэд" таагүй арга хэмжээ авч магадгүй, цаашид өөр арга хэмжээ авна. Ер нь банкны реформ хийх ёстой.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох асуудал байхгүй, Засгийн газар огцрохгүй гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.