
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын эрх баригч Хөдөлмөрчдийн намын гишүүдтэй уулзаж, хүнсний хомстол, хүмүүнлэгийн хямралын асуудал хүндэрч байгаатай холбогдуулан эдийн засаг, хөдөө аж ахуйн салбараа сайжруулах тухай хэлэлцсэн байна.
Олон улсын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар барууны орнуудын тавьсан хориг болон коронавирусын цар тахлын улмаас Хойд Солонгос улсад хүнсний хомстлын асуудал ноцтой хэмжээнд хүрсэн аж.
Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын 8-р Төв хорооны 7 дахь нэгдсэн хурлын үеэр Ким Жон Ун орон нутгийн хөгжилтэй холбоотой төслүүдийг авч хэлэлцэж байгаа аж.
Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын эрх баригчдын хувьд хөдөө аж ахуйг хөгжүүлэх зөв зохистой стратегийг боловсруулах нь тулгамдсан, маш чухал асуудал гэдгийг онцолжээ.
Хойд Солонгосын эрх баригч намын хурал болж байгаа нь тус улсад хүнсний хомстлын асуудал хурцдаад байгааг эрх баригчид нь хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл хэмээн Сөүл үзэж байна.
АНУ-д төвтэй Хойд Солонгосыг судалдаг 38 North хөтөлбөрийн тайланд БНАСАУ-д "хүнсний хүртээмжийн үзүүлэлт байж болох хамгийн доод төвшнээс ч буурсан", 1990-ээд оны өлсгөлөнгөөс хойш тус улсад тохиолдсон хүнсний хамгийн ноцтой хямрал хэмээн онцолжээ.
Цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилт зэргээс болж олон улсын хатуу хоригт орж, цар тахлын улмаас хилээ хааснаас болж тус улсын эдийн засгийн байдал хүндэрсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.