Ерөнхий сайдын ивээл дор “Нийгмийн хөгжил-эрчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган эхэллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 25-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордноо хоёр өдөр хуралдах энэ чуулганд хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Манай улсын хүн амын 49 хувийг эзэлдэг 1,4 сая эрчүүдэд чиглэсэн төрийн бодлого дутаж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлаар энэ бүлэгт хандсан бодлого хэрэгтэй.

Цаг бусаар тахир дутуу болж буй хүмүүсийн 80%, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90%, амиа хорлогсдын 60% нь эрчүүд. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,5 байхад эрэгтэйчүүдийнх 8 жилээр бага байгаа нь монгол эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сэтгэл зүйн хувьд ч эрчүүд илүү дарамт үүрэх хандлага манайд бий гэж судлаачид дүгнэжээ. Хүчирхийлэл үйлдэгчээр нь цоллох, хүнд хүчрийг үүрэх ёстой гэж үзэх, эд хөрөнгө, бие бялдраар нь ялгаварлах, архидах эмгэгээр нь тохуурхах зэрэг хэлбэрээр тэд хүчирхийлэлд өртдөг байна.

 

Жендерийн үндэсний хорооны тэргүүний хувиар Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрчүүдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж буйгаа чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо. Эх орноо хамгаалахаас эхлээд өнөө цагийн бүтээн байгуулалтын гол хөдөлгүүр болсон эрчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх нь гэр бүл, цаашлаад улс орны хөгжилд суурь хүчин зүйл болно. Иймд шийдэх ёстой асуудлуудыг чуулганаар өргөн хүрээтэй хэлэлцэж, төрийн бодлогод тусгах тодорхой санал оруулж ирэхийг оролцогчдоос хүслээ.

Чуулганаар эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, гэр бүл дэх эрэгтэйчүүдийн оролцоо, хандлага, зан үйл гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцана. Чуулганыг Шинэчлэлийн Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан ХАХНХЯ, ЭМЯ болон Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд зэрэг ТББ-ын оролцоотой зохион байгуулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.