
Та гунигтай үедээ чихэр идмээр санагддаг уу? Тэгвэл одоо багасгах хэрэгтэй боллоо. Америкийн Кансасийн их сургуулийн саяхан гаргасан судалгаа чихрийг хэт их идэх нь сэтгэлийн хямралыг улам хүндрүүлж болзошгүйг харуулжээ.
Канcасийн их сургуулийн судлаачид хэлэхдээ, "Өвлийн улиралд сэтгэл гутрал илүү тохиолддог. Өдөр богиносох нь зарим хүмүүсийн хэмнэлийг алдагдуулж, нойронд нөлөөлж улмаар сэтгэлийн хямралд оруулдаг. Сэтгэлийн дарамтанд орсон зарим хүмүүс илүү их чихэр хэрэглэхийг хүсдэг. Чихэрлэг идээ идэх нь зарим тохиолдолд сэтгэл санааг түр зуур сайжруулдаг хэдий ч удаан хугацаанд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг" гэжээ.
Судлаачид судалгааг Их Британийн анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тэд чихэрлэг зүйл хүний физиологи, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаарх дэлхийн хэмжээний цуврал судалгаа шинжилгээг хийж, чихэр хэт их хэрэглэх нь бие махбодод үрэвсэл үүсгэдэг бөгөөд үрэвсэлтэй холбоотой зарим гормон тархийг сэтгэлийн хямралд оруулдаг болохыг тогтоожээ.
Чихэр их идэх нь бие махбодын бичил биетэнд нөлөөлдөг бөгөөд чихэрлэг орчинд бичил биетнүүд хялбархан үржин, химийн бодис ялгаруулж, улмаар хүмүүсийг сэтгэлийн хямралд илүү өртөмтгий болгодог байна. Сэтгэлийн хямралтай өвчтөнүүд чихрийн хэрэглээгээ багасгаж, сэтгэцийн эрүүл мэндэд тустай Омега-3 баялаг хоол хүнс идэхийг судлаачид зөвлөж байна. Америкийн Зүрхний өвчнөөс сэргийлэх нийгэмлэгийн гаргасан стандартад өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх чихрийн хэмжээ 25 граммаас хэтрэхгүй байхыг анхааруулжээ.
Гэхдээ хүн бүрийн бие махбодын нөхцөл байдал өөр өөр байдаг учраас хүн бүрт тохирсон нэг төрлийн стандарт байдаггүй, хүмүүс өөрсдийн байдлаа харгалзан хоолны дэглэмээ зөв зохицуулах ёстой гэж судлаачид зөвлөсөн байна.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.