
Улсын нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан хүүхэд залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгох үүднээс www.mongolcom.mn сайт та бүхэнд нийслэл хотын түүх, түүхэн дурсгалт газар, нийслэл хотын уугуул иргэд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна.
Цуврал-3
Тав. БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот. 1924-1990 он
-1924 онд хотын түр захиргааг байгуулж, Гаалийн хорооны ажилтан Моононгийн Баяр хотын захиргааны анхны дарга болов. Мөн нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоож, төсөв санхүүтэй болгох төслийг баталжээ.
-1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын анхдугаар их хурлын 14 дүгээр хурлаар нийслэл хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн нэрлэхээр болжээ. 1994 оноос хойш Улаанбаатар хотын ойг жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тэмдэглэх болсон бөгөөд Улсын анхдугаар их хурлаар Улаанбаатар хот хэмээн нэрлэсэн өдөр нь билгийн тооллоор 10 дугаар сарын 29 гэж үзжээ. Учир нь тухайн үед 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяртай хотын ойг давхцуулан тэмдэглэвэл ач холбогдол нь бүдгэрнэ гэж хэмээн үзэж тус өдрийг сонгосон байна. Гэвч архивын баримтыг нягтлан үзвэл, аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр билгийн тооллын 10 дугаар сарын 29 биш, 10 дугаар сарын 30 болж таарч байна. Тиймээс хотын ойг 1994 оноос хойш буруу өдөр буюу нэг өдрийн өмнө тэмдэглэж иржээ.
-1925 онд МАХН-ын Төв хорооны тогтоолоор “Улаабаатар хотод байнга оршин суудаг, хөдөө орон гэргүй хүмүүсийг хотын жинхэнэ харьяат иргэн” болохыг тодорхойлж, тухайн жилдээ 14000 гаруй “хотын жинхэнэ харьяатын үнэмлэх” олгож эхэлжээ. Энэ бол орчин цагийн хотын иргэнийг бий болгох төлөвшүүлэх эхлэлийг тавьсан түүхэн шийдвэр байлаа. Мөн 1924 оноос хуучин хүрээний бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх оролдлого хийж шинэ хороодыг бий болгон, тэдгээрийг тоогоор нэрлэж эхэлжээ.
-1929 онд хотод анхны нийтийн тээврийн үйлчилгээ бий болов. Тухайн үед автобусыг ууран тэрэг хэмээн нэрлэж байсан бөгөөд Амгалан Улаанбаатарын чиглэлд 10 зогсоолтой, буудал болгон нь 5-15 мөнгөний үнэлгээтэйгээр явж байв. Харин цэргийн хүмүүс 5 мөнгөний татуу явдаг байжээ.
-1930-аад оны сүүлээс Улаанбаатар хотын тойм төлөвлөгөөг гаргасан ч дэлхийн II дайнаас болоод хэрэгжээгүй байна. Харин дайн дууссаны дараа 1945 оноос хотын төв хэсгээс бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Засгийн газрын ордон, дуурийн театр, гадаад явдлын яам, төв номын сан, хүүхдийн кино театр, зочид буудал зэрэг олон арван байшин барилга, мөн Сүхбаатарын талбай, хөшөө, Чойбалсангийн хөшөө дурсгалыг барьж байгуулжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулж байв. Энэ үеийг энх цагийн бүтээн байгуулалт хэмээн нэрлэдэг.
-1934 онд үйлдвэр комбинатыг байгуулснаар ажилчин анги хэмээх ойлголт бий болжээ.
-1937 оноос лам нарыг хэлмэгдүүлж олон сүм хийдийг устгав. Тухайлбал, Богдын шар ордон музейн зарим хэсэг, Дашчойнхорлин, Буянт ерөөлт зэрэг сүм хийдүүдийг устгасан байна. Шашин шүтэхийг хориглосон бөгөөд социализмын үе нь шашингүй үзэлтний үе байв.
-1938 онд хотын нутаг дэвсгэр дээр гудамжуудыг тодорхой нэрээр нэрлэжээ.
-1940 онд анхны дөрвөн давхар байшин болох I сургуулийн байшинг барьжээ.
-1946 онд одоогийн төв талбай дээрх Сүхбаатарын хөшөөг уран барималч С.Чоймбол нарын хүмүүс бүтээв. Энэхүү хөшөө нь XX зууны эхний хагаст Улаанбаатар хотод босгосон хамгийн том хөшөө дурсгал юм. Харин XXзууны II хагаст хотод босгосон хамгийн том хөшөө дурсгал бол Зайсан толгой дээрх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, цогцолбор юм.
-1954 онд Москва хотын “Гипрогор” институттэй хамтран Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулжээ. Энэхүү төлөвлөгөөг 20-25 жилийн хугацаатай төлөвлөсөн боловч 1961 он хүртэл хэрэгжсэн юм. Төлөвлөгөөний үндсэн үзүүлэлт болох хүн амын тоо огцом нэмэгдсэн тул 1961 онд20-25 жилийн хугацаатай II ерөнхий төлөвлөгөөг гаргасан боловч мөн л 1975 он хүртэл хэрэгжжээ. 1975 онд III, 1984 онд IV, 2002 онд V ерөнхий төлөвлөгөө батлагдсан юм. Анхны төлөвлөгөө батлагдсанаар маш олон бүтээн байгуулалтын ажил явагдсан. Анхны орон сууцны хорооллууд баригдаж тохилог орон сууцанд амьдрах таатай орчин бүрдүүлжээ. Түүнчлэн томоохон хорооллууд, сургуулиуд, худалдаа үйлчилгээний төвүүдийг энэ үед барьж байгуулсан байна. Мөн Улаанбаатарт хүнд ба хөнгөн үйлдвэрүүд баригдсанаар монголын үйлдвэржилтийн хамгийн том төв болжээ.
Дүгнэлт: Өнөөгийн Монгол улсын орчин цагийн ихэнх институцийн /улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, гэх мэт/ үүсэл нь энэ үед тавигджээ. Мөн энэ үеэс Улаанбаатар хот жинхэнэ хот болж хөгжсөн юм. Тухайн үед Улаанбаатарыг Азийн цагаан дагина хэмээн нэрлэж байв.
Бидний мэдэхгүй нийслэл хот http://mongolcom.mn/read/14320
Бидний мэдэхгүй нийслэл хот-2 http://mongolcom.mn/read/14602
Бидний мэдэхгүй нийслэл хот-3 http://mongolcom.mn/read/14904
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.