Авсан сайжруулсан зуухаа зарсан, бусдад өгсөн, хэрэглэхгүй байгаа өрхүүдийг бусад төрлийн хөнгөлөлтөөс хасна

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Авсан сайжруулсан зуухаа зарсан, бусдад өгсөн, хэрэглэхгүй байгаа өрхүүдийг бусад төрлийн хөнгөлөлтөөс хасна

Хөнгөлөлттэй үнээр авсан бүрэн шаталтат зуухаа зарж борлуулах, бусдад шилжүүлэх үзэгдэл олон байна. Иймд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа бүртгүүлсэн байршилдаа ашиглахгүй байгаа айл өрхийг бусад төрлийн хөнгөлөлтөөс хасах, шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж Үндэсний хорооны гишүүд үзлээ.

Өнгөрсөн жилүүдэд бүрэн шаталтат зуухыг нийслэлийн айл өрхүүд 93 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу ердөө 30 гаруй мянган төгрөгөөр авсан юм. Үүний зэрэгцээ шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг нь 50 хувь чөлөөлөх зэргээр олон чиглэлийн хөнгөлөлтийг төрөөс олгож байгаа юм.

Утаатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналт дутаж байна гэж судлаачид дүгнэжээ

Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэд, олон нийтийн оролцоо, хяналт, зөв дадал дутаж байна гэж Хэрэглээний сэтгэл судлалын төвийнхөн өөрсдийн хийсэн тандалт судалгаандаа үндэслэн дүгнэлээ. Хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа зарж борлуулдаг, зуух болон түлшийг зөв хэрэглэдэггүй, гэр байшиндаа дэвшилтэт технологи ашиглахыг хүсдэггүй, автомашины хуучирсан эд ангиудаа шинэчилдэггүй, ахуйн эко хэвшилгүй гэх мэт иргэдийн сэтгэл зүйтэй холбоотой хандлага нь утаа бууруулах ажлыг хойш татсаар байна гэж тэд үзлээ.

Олон улсын жишээ туршлагаас үзэхэд, төрийн бодлого үйл ажиллагааг олон нийт ойлгож, оролцож, хянаж байж утаатай тэмцэх ажил үр дүнд хүрдэг байна. Иргэд зөв дадал хэвшилтэй оролцогч хийгээд мэдлэг мэдээлэлтэй хянагч байж чадсан үед энэ чиглэлийн ажил тооцоолсон үр дүндээ хүрнэ гэж судлаачид хэлж байна.

Судалгаа хийсэн багийнхан энэ дүгнэлтдээ үндэслэн нийслэлийн утааны голомт 3 дүүргийн 40 шахам мянган айл өрхийг хамруулан хэрэглэгчдийн сэтгэл зүй, зөв хэвшилд зориулсан зорилтот ажил зохион байгуулах боломжтой гэдгээ Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.

Монгол инженерүүд өөрсдийн зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжийг танилцууллаа

Монгол гэр, байшинд тохирох халаалтын шинэ төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурлаар хэлэлцлээ.  

Монватт ХХК, Германы Олсберг компанийн хамтарсан судалгааны баг сүүлийн хоёр жилийн хугацаанд туршилт, судалгаа хийсний дүнд шөнийн цагт өөртөө дулаан хуримтлуулаад, хадгалсан дулаанаа ашиглан өдрийн цагт гэр, байр халаах төхөөрөмж танилцууллаа. Монгол гэр хоногт 5-6 кВт, амины орон сууцанд 6-8 кВт цахилгаан хэрэгтэй байдаг. Энэ хэрэглээнд тохирсон дулаан хадгалах төхөөрөмжийг монгол гэр болон байшин сууцанд зориулсан ялгаатай загвараар 1,5 сая төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой. Үүнийг хэрэглэхэд уламжлалт аргаар галлаж халаахаас 50 хувь бага зардал гаргах тул өрхийн эдийн засагт урт хугацаанд ашигтай гэж судалгааны багийнхан танилцууллаа. Уг төхөөрөмжөөр шөнийн 8 цагийн турш дулаан хуримтлуулахад 40 кВт цахилгаан шаардагдах ба энэ нь мөнгөн дүнгээр сард 80 мянган төгрөг. Цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдсан өрх дахин 50 хувийн чөлөөлөлт эдэлж, 40 мянган төгрөгөөр гэр, байшингаа халаана гэж судалгааны баг тооцоолжээ. Зардал улам буурах боломж бий.

Харин Ультрасоник компанийн Герман улсаас импортлох халаалтын төхөөрөмж дунджаар 700 мянган төгрөгийн үнэтэй. Мөн л шөнө цахилгаан хуримтлуулж, өдөр буцааж ашиглана. Хувийн орон сууцанд хэрэглэхэд илүү тохиромтой энэ төхөөрөмж сард 120 мянга орчим төгрөгийн цахилгаан хэрэглэх бол нам даралтын зуух 150 мянга, цахилгаан зуух 225 мянган төгрөгийн зардал гаргаж байна гэж тус компани харьцуулан судалжээ. Одоогийн байдлаар хувийн томоохон хаустай айл өрхүүд голчлон хэрэглэж байгаа ба цаашид нийтийн хэрэглээнд өргөн нэвтрүүлэхийн тулд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх, эрчим хүчний хэмнэлттэй технологийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй байгаагаа Ультрасоник компанийн удирдлагууд хэллээ. Эвдрэл гэмтэл бараг гардаггүй, 30 жил ашиглах боломжтой энэ төхөөрөмж халаалтын зуух, труба, радиатор, түгээх шугам сүлжээний аль алийг шаардахгүйн дээр элдэв төрлийн шатахуун, хий ашиглахгүй тул ирээдүйн хөгжлийн хандлагад илүү тохирно гэж компанийнхан үзэж байна. Үүнийг өргөн нэвтрүүлснээр Японы Засгийн газар утаатай тэмцэх ажилдаа бодит үр дүнд хүрсэн байна.

Агаарын бохирдол үүсгэхгүй дэвшилтэт технологийн аливаа тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх бодлогыг төрөөс баримталж, жил бүр хамрагдах тоног төхөөрөмжийн жагсаалт баталдаг. Энэ жагсаалтад тус компанийн импортолдог дээрх бүтээгдэхүүнүүдийг оруулахад Үндэсний хороо дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Агаарын бохирлыг бууруулах үндэсний хороо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.