Энэтхэгт КОВИД-19 өвчнөөр нас барсан иргэдийн гэр бүлд 674 ам. долларын нөхөн олговор олгоно

Twitter Print
2021 оны 10-р сар 05-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Дээд шүүх Энэтхэгийн засгийн газраас коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүлд 50 000 рупи буюу 674 ам. долларын нөхөн олговор олгох ёстой гэсэн шийдвэрийг дэмжжээ.

Хуульчид Энэтхэгийн гамшгийн менежментийн тухай хуулийн дагуу тус улсын засгийн газар коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох ёстой гэсэн нэхэмжлэл Энэтхэгийн Дээд шүүхэд гаргасан аж.

Энэтхэгт өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын улмаас 446 мянга гаруй хүн нас бараад байгаа ч ажиглагчид уг вирусын улмаас нас барсан иргэдийн тоо бодит байдал дээр үүнээс 10 дахин их байгаа гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн даваа гарагт Энэтхэгийн Хууль зүйн сайд Шах коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн ар гэрт олгохоор төлөвлөж буй нөхөн олговорын хэмжээ бусад шалтгаанаар засгийн газраас иргэдэл олгодог нөхөн олговруудын хэмжээнээс өндөр байгаа гэдгийг онцолжээ.

Гэр бүлийнх нь гишүүн КОВИД-19 өвчнөөр нас барсны дараа ар гэрийнх нь нөхөн олговор авах хүсэлтээ өгөх ба хүсэлт өгсөнөөс хойш нөхөн олговрыг 30 хоногийн дотор олгох ёстой гэсэн шийдвэрийг Энэтхэгийн Дээд шүүхээс гаргажээ.

Энэтхэгийн засгийн газраас коронавирусын цар тахлыг гамшиг хэмээн тодорхойлсон учраас уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүлийнхэн 2005 онд батлагдсан Энэтхэгийн гамшгийн менежментийн тухай хуулийн дагуу нөхөн олговор авах ёстой хэмээн нэхэмжлэл гаргагчид үзжээ.

Энэтхэгийн Гамшгийн менежментийн тухай хуульд осол гамшгийн үед авах арга хэмжээ түүнээс гадна гамшгийн улмаас нас барсан, бэртэл гэмтэл авсан, хохирол амссан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох тухай тусгасан ба гамшигт амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд 400 мянга хүртэлх рупины нөхөн олговор олгох ёстой гэж заасан байдаг аж.

Керала, Ражастан мужийн удирдлагууд нөхөн олговрын мөнгийг мужийн төсвөөс бус засгийн газраас олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Карнатака муж коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн гэр бүлд амьжиргааны түвшнээс нь хамаарч 100 мянга хүртэлх рупи олгохоор болсон ба өнөөдрийн байдлаар тус мужид 16 өрх уг нөхөн олговрыг аваад байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.