Хүүхдийн айдас олон шалтгаанаас үүдэлтэй

Twitter Print
2021 оны 12-р сар 30-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДИЙН АЙДАС

Хүүхэд хүмүүжүүлэхэд тохиолддог нийтлэг асуудлын нэг нь хүүхдийн айдас юм. Айдас олон төрөлтэй. Айдас /phobia/ гэдэг нь бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нөхцөл байдлаас айж тvгшихийг хэлдэг. 

Жишээ нь: Цахилгаан шатанд суухаас, өндрөөс, харанхуйгаас, үхлээс айх, тариа хийлгэхээс айх, аалзнаас айх, үслэг зүйлээс айх гэх мэт. Том хүмүүс айдсын талаар ярихдаа ихэнхдээ бага насандаа авсан айдас түгшүүрийг ярьдаг. 

Харин хүүхдүүд харанхуй өрөөнд цоожлогдохоосоо, ганцаардлаас, хий үзэгдлээс, кино хүүхэлдэйн мангаснаас, цэцэрлэг сургуульд элсэн орохоос, найз солигдох, аав ээж салахаас гэх зэргээр айдаг. Учир нь дээрх айдсууд нь хүүхдийн хувьд тодорхойгүй байдаг. 

Хамгийн анхны айдсыг аав ээж өөрсдөө бий болгодог. 0-3 насандаа хүүхэд бүх зүйлийг яг бодитоор хүлээж авдаг байна. Хүүхдийг унтуулахын тулд ииии нохой гарч ирлээ, чамайг танихгүй хүнд өгч явууллаа гэх мэтээр айлгахаар бяцхан хүүхэд үүнийг нь тархиндаа бичиж авдаг.  

Айдас ихтэй өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, идэвхгүй хүн болдог. Хүний өөдөөс эгцэлж харахгүй, цэцэрлэг сургуульдаа ч явж чадахгүй, унтаж идэж ч чадахгүй болдог.

Ганцаардлаас айх
Аав ээжүүд хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй, цаг гаргадаггүй, зурагт хэт үзүүлдэг, зурагтаар аргацаадаг, утас их үзүүлдэг бол хүүхдэд ганцаардлын айдас бий болдог. Энэ бол маш олон сөрөг талтай. Бас хүүхэд танихгүй хүнтэй үлдэхдээ ганцаараа үлдэж байгаа мэтээр хүлээж авдаг. Хүүхдэд цаг гаргах, харилцан ярилцах, тоглох юм.

Харанхуй өрөөнөөс айх
Аав ээжүүд хүүхдийг шийтгэх зорилгоор ариун цэврийн өрөө, харанхуй өрөөнд түгждэг. Харанхуйд үлдэх нь хүүхдийн айдас маш өндөр болдог. Мөн аав ээждээ зэмлүүлэх нь өөрт нь хайргүй гэж ойлгодог. Зарим хүүхэд өдөр шөнө ээлжлэхээс айдаг. Яагаад өдөр шөнө ээлжилдэг талаар тайлбарлах, хүүхдийг өрөөнд хориж шийтгэх нь маш хортой үр дагавартай тул үүнийгээ болих шаардлагатай.

Аав ээжийн аль нэгнээс айх
Аав ээжийн аль нэг нь хүүхэдтэйгээ буруу харилцдаг, байнга буруутгадаг, шүүмжилдэг, зоддог бол хүүхэд айдаг. Юм хэлээд загнуулж байснаас гээд ярихаа байж, битүү болгоомжилж хөндийрдөг. Аав ээж өөрийн хандлага харилцаагаа засах, хүүхдэд гар хүрэхээ болих, хайр халамжаа мэдрүүлэх, хүүхдийн итгэлтийг олж авах хэрэгтэй.

Зодуулахаас айх
Хүүхдийг ямар нэг буруу зүйл хийх үед нь зодох, гар хүрдэг бол хүүхэд айдастай болдог. Ингэснээр хүүхэд аймтгай, худлаа хэлдэг болдог. Хүүхдэд гар хүрэхгүй буруу зүйлийг нь яагаад буруу байсанг тайлбарлаарай.

Сургууль цэцэрлэгээс айх
Хүүхдүүд цэцэрлэг, сургуульд орохдоо айж, уйлдаг. Энэ нь тодорхойгүй бус ойлгомжгүй байгаагаас уйлж, айдсаа илэрхийлж байдаг. Аав ээжүүд хүүхдийн дэргэд ямар багш таарах бол гэж их ярьдаг нь буруу юм. Цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаарай.

Үзэж байгаа кино, нэвтрүүлгээс айх
Хүүхэд үзэж байгаа нэвтрүүлэг, кино, сүнс, хий үзэгдэл зэргээс айж, тэдгээр хий зүйлсийг бодит байдлаас салгаж чаддаггүй байна. Тиймээс, унтахын өмнө нь бага зэрэг тоглох, сайхан зүйл ярилцах, хүүхдийн дэргэд томчууд элдэв зүйл үзэхээс сэргийлэх.

Хүүхдийн айдсыг намдаах арга нь аав ээж таны хүүхэдтэйгээ хамт байх цаг, харилцан ярилцах, халуун дулаан тэврэлт юм шүү.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.