Нар хэвийх зүгт бөөн баяр наадам

2017 оны 10-р сар 16-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Монгол нутагт нарлаг намрын өдрүүдийг тэгнэсэн найр, хурим цөөрсөөр… Харин нар хэвийх зүгт найр наадам олширсоор байгаа аж. Тухайлбал Амстердам хотод өчигдөрөөс электрон хөгжмийн их наадам  эхэлж 19-ныг хүртэл үргэлжлэх аж. “Шөнийн амьдралтай” хүмүүст зориулсан уг баяр наадам үдшийн 23 цагаас үүрийн таван цаг хүртэл нижигнэж Амстердам хотын шөнийн цэнгээний газрууд болон гудамж талбайд суурилуулсан өнгө өнгийн хурц гэрлийн дор мянга мянган Голландчууд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид цэнгэн бүждэг байна. Уг наадмын албан ёсны зар сурталчилгаанд тэмдэглэснээр энэ удаагийн баярт 2000 DJ оролцож байгаа аж. Бүжиг наадмаас гадна энэ өдрүүдэд кино үзвэр, концерт, хэвлэлийн хурал цуглаан зэрэг олон нийтийг хамарсан олон арга хэмжээ болдог байна. Харин энэ бүх арга хэмжээнд оролцоход ердөө 10 еврогийн ADE Card авахад хангалттай аж. Ийм карттай хүмүүст  зохион байгуулагчдын зүгээс олон сайхан бэлэг барина гэж амлаж байгаа гэнэ.

Налгар энэ өдрүүдэд хаа сайгүй л ургацын баяраа тэмдэглэж байна. Испанид гэхэд чидун жимсний арвин ургац авсаны баяр эхэлжээ. Чидун жимсний нийслэл гэгддэг  Андалузын Баэн хотын төв Үндсэн хуулийн (Plaza de la Constitución) талбайд баярын ёслол эхэлдэг уламжлалтай бөгөөд энэ өдрүүдэд сагамхай загас, талхаар хачирласан чидун жимс иддэг заншилтай аж. Дараа нь хөл хаөдөлгөөн ихтэй яармагт бүгдээрээ очиж чидун жимс боловсруулах, тос шахаж авах арга ажиллагааг харуулсан үзэсгэлэн үзэж, амт чанарыг шалгахын зэрэгцээ чидун жимсний лекц сонсож, музей үзэх (Museo del Olivar y el Aceite), шилдэг тогоочдын гарын хоол сонрхон амтлах зэрэг олон олон арга хэмжээнд оролцдог аж.  Тэдгээрийн дундаас «Тапас зам» гэх уралдаан тэмцээн хамгийн хөгжилтэй нь бөгөөд хотын бүх зоогийн газрууд чидун жимсний тосоор хийсэн гурван төрлийн хоолтой тусгай цэс гаргадаг байна. Харин тэр бүх зоогийн газруудын тусгай зуушнуудаас бүгдийг нь амсаж чадсан хүнд 50 литрийн тос, хоёр хүний оройн хоолны эрх өгдөг байна.

Германы нийслэл Берлин хот энэ өдрүүдийн үдэш танигдахгүй болтлоо өөрчдлөгдөж байгаа аж. Бранденбургийн хаалга, Рейхстаг, театр, музей, Потсдамын талбай зэрэг олны хуран цугладаг бүх газруудыг гэрлийн хугарал инсталляциар чимсэн лазер шоу болж байна. Энэ сарын 10-наас 19 хүртэл үргэлжлэх уг шоуны үеэр урлагийн олон тооны тоглолтууд болж байгаа аж.

Маргаашнаас буюу аравдугаар сарын 17-ноос Италийн Перужа хотод Eurochocolate наадам хэлж байгаа аж. 26-ныг дуустал үргэлжлэх уг наадмын үеэр анхилам тансаг үнэртэй, амтат шоколаданд дурлагсад арааны шүлсээ барьж дийлэхгүйгээр их, бүх Европын хоёр зуу гаруй шоклад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа гэнэ.  Наадмын үеэр шоколада,ар хийж болох бүх урлагийн бүтээл танилцуулж, амттаны мастерууд бүтээгдэхүүний дээжсийг амталж үнэлэлт өгөөд зогсохгүй гудамж бүрт өнөг алаглах асар майхан зэрэглэж, сүүтэй, гашуун, давстай, чинжүүтэй, жимстэй, архитай, дарстай, самартай, гээд бүх төрлийн шоколад дэлгэн тавьсан байх болно. Тэнд бүр шоколадаар хийсэн лаа, уран зураг, цаг,  гоо сайхны жинхэнэ хэрэгсэл байдаг аж.

18 хүртэлх энэ өдрүүдэд мөн АНУ-д хулууны баяр болж байна. Хулууны эх орон гэдэг Сёрклвилл хотод гэхэд хамгийн том хулуу шалгаруулах болно. Өнгөрсөн жил гэхэд 700 кг жин татаж байсан аварга хулууны энэ жилийн дээд амжилт хэд байх юм бол! Энэ үеэр мөн «хулууны» ёслолын жагсаал болж, олон уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Уул овоо мэт их хулууны дунд хулуугаар хийсэн жигнэмэг, бялуу, пицца, зайрмаг гээд олон төрлийн маттан байдаг бөгөөд таван метр өргөн хэмжээтэй хулууны боов хийдэг заншилтай аж. 

Зуу гаран жил үргэлжилж байгаа хулууны баярыг анх 1903 онд эхэлж байсан бөгөөд тухайн үед жимс ногооны жижигхэн үзэсгэлэн яармагийн хэмжээнд зохион байгуулж байж. Өнөөдөр энэ баярт  жил тутам 300 000 хүн ирж оролцдог байна.

Аравдугаар сарын 16-18-нд мөн АНУ-ын Техас муж улсад сарнайн баяр наадам болж байна.

Өнөөдрөөс эхлэн 19-ныг дуустал Грекийн Корфу хотод хүүхэлдэйн кино их наадам болж байна. Хүүхэд насандаа эргээд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм, сургамжтай кинонууд хэдэн минутаас эхлээд 35 минут хүртэл, мөн бүрэн хэмжээний байх ёстой. Уг наадам Ионий парламентын барилга болон нийтийн номын сан, «Орфеус» кино театр, урлагийн Политехно төв зэрэг нилээнд хэдэн газар зэрэг болж байгаа аж.

Туркийн Анталья хотод мөн олон улсын "Алтан жүрж" кино наадам үргэлжилж аравдугаар сарын 18-нд өндөрлөх гэж байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.