Бие махбодын шийтгэлээс илүүтэй дүрэм эерэг нөлөө үзүүлдэг

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Тухайлбал, хүүхэд аав ээжтэйгээ “Хүүхэлдэйгээ үзчихээд л зурагтаа унтраана” хэмээн тохиролцсон боловч хэлсэндээ хүрэхгүй дахиж үзнэ, унтраалгахгүй хэмээн ахих, даврах* нь олонтаа.

Ийнхүү ахиад, алдаа давтагдаад ирэхээр аав ээжийн бухимдал ихсэж улам хатуу шийтгэх, хорих арга зам хэрэглэхийг хичээдэг. “Үгэнд ордоггүй муу хүүхэд, нүд чинь сохорлоо, тэнэг болох нь уу" г.м үглэх, зэмлэхээс гадна хүчээр зурагтыг унтраах бүүр болохгүй бол “алганы амт үзүүлэх” тохиолдол ч мэр сэр байдаг.

Магадгүй "алганы амт" хэцүү байсан учраас хүүхэд айсандаа, цочирдсондоо алдаагаа давтахгүй амласандаа хүрэхийг ТУХАЙН ХЭСЭГ ҮЕДЭЭ хичээж болно. Гэсэн хэдий ч амлалт гэж юу болох, амлалтандаа хүрэхийн үнэ цэнийг суралцаж чадахгүй. Зүгээр хэлснээр тань хийхээс өөрцгүй..

Тэгвэл ийм тохиолдлуудад яах вэ?

Гаргаж болох алдаануудад тохирсон дүрэмтэй байх нь эмх цэгцтэй байдаг. Жнь: “Дараагийн удаа хүүхэлдэйгээ үзчихээд л унтраахгүй бол маргааш хүүхэлдэй үзэх боломжгүй болно, чи зөвшөөрч байна уу”, “Амлалтандаа хүрэхгүй бол гэр бүлийн тоглоом тоглохоо нэг удаагаар хойшлуулах болно, болж байна уу” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярилцаж харилцан ойлголцож дундын дүрэм гаргах хэрэгтэй.

Харин аав ээжийн анхаарах зүйл бол ямар ч тохиолдолд энэ дүрмээ дагах хэрэгтэй. Хүүхэд “Уучлаарай” "Дахиад ганцхан", "Ганцхан өнөөдөр л.."хэмээн хэчнээн хөөрхөн хэлсэн ч эсвэл эсрэгээрээ "Уйлахаараа, уурлахаараа" айлгасан ч дүрэм тогтсон бол дүрмээ чигч баримтлах нь зөв.

Уучлал хүссэн чинь сайн хэрэг алдааг чинь уучиллаа, итгэж байна. Гэхдээ дүрмээ баримтлахаас гарцаагүй, өөр аргагүй гэдгээ тайлбарлаж байх. Мэдээж хүүхэд уучлалт гуйх нь чухал. Гэсэн хэдий ч уучлаарай гэж хэлээд л бүх юм болдог гэсэн ойлголтыг бий болгож болохгүй юм.

Тийм учраас эцэг эх нь хүүхдэдээ хариуцлага хүлээх чадварыг ном ёсоор нь дүрэм тогтоох аргаар төлөвшүүлэх шаардлагатай юм. Мөн аав ээж хүүхэдтэйгээ илэн далангүйгээр өөрийн сэтгэл санаагаа илэрхийлэх нь зүйтэй. “Чамайг зурагт их үзэхээр нүд нь, толгой нь их өвддөг болох вий гэж ээж нь их айж байна”, “Хамтдаа зурагт утасны хор хөнөөлийн талаарх мэдээллийг үзэж зурагт утас их үздэг хүүхэд ийм болох аюултай гэж байна” гэх зэргээр бодит нөхцлийг тайлбарлан ярилцаж байгаарай.

Ингээд яавал хор хөнөөл багатай байх тухай, өөрт нь зурагт, утас үзэх тохиромжтой хугацаа ямар байхыг тодорхойлж ярилцан хэм хэмжээг нь тогтоож өгөөрэй.

Жич: Дээрх аргыг чихэр нэхдэг, хоолонд дургүй, дүү нараа шоглодог гэх зэрэг бүх төрлийн жишээнд тохируулан хэрэглэж болно. Гагцхүү бие махбдын шийтгэл хүүхдэд ямар ч эерэг үр дүн үзүүлдэггүй гэдгийг сайн анхаарна уу!

Г.Төмөрзаяа 

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.