Иранд архи уугаад баригдсан хүн алуулдаг

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Ираны парламент спиртийн төрлийн ундаа хэрэглэсэн тохиолдолд ялын дээд хэмжээ оноох хууль хэлэлцсээр байна. Учир нь Ираны залуучууд шашны суурьтай чанд хуулиас эвтэйхэн бултах аргаа олсоор иржээ. Ираны нөхөрсөг иргэд бие биенийдээ зочлохдоо үүр цайтал галзуу "согтуу үдэшлэг" зохион байгуулдаг зуршилтай болсон тул архинд донтсон хүний тоо хэдэн зуун мянгад хүрчээ.

Reuters агентлагийн сурвалжлагч Париза Хафези нэгэн согтуу үдэшлэгт очиж, хэрхэн “наргисан” тухай “Тhe Independent” цахим хуудсанд нийтэлсэн байна. Түүний зочлон очсон Тегеран хотын нэгэн тансаг орон сууцны эзэн Шахрияр: "Эхлээд текила уугаад сэргэх хэрэгтэй!" хэмээн зочиддоо зөвлөж байна гэнэ. Энд цуларсан зочид амралтын өдөр бүр гэрийн эзний зөвлөгөөг дагалддаг бөгөөд "Шахрияр ганцхан журам тавьдаг, хүн бүр өөртөө лонх юмтай ирэх гэсэн. Бид өглөө болтол уудаг" гэж сэтгүүлч бүсгүйд найз хүүхэн нь дотночлон ярьсан байна. Харин Тегеран хотын нэгэн сургуулийн хөгжмийн багш 28 настай Хесам: "Бидний найз нөхөд манайд цугларч ванны өрөөнд усан үзэм шахаж исгэлэн дарс гаргаж авдаг. Энэ их хөгжилтэй, бараг бие сэтгэлээ ариусгасан мөргөл болдог" гэж онцолсон гэнэ.

Иранд өнөөдөр архины эсрэг хатуу чанд хууль үйлчлэхийн хэрээр цагдаагийн газраас үе үе гэнэтийн шалгалт явуулдаг аж. Гэсэн ч "Исламын Бүгд найрамдах Иран улсад шиитүүд засгийн эрхийг барьдаг учир шөний клуб, бар мэтийн олон нийтийн үйлчилгээний газар байдаггүйн улмаас далд нөхцөлд  архидан согтуурах явдал газар авч, баян чинээлэг давхрагад илүү өргөн дэлгэрчээ" хэмээн сэтгүүлч бичжээ. 

Мөн түүний нийтлэлд "Хил дамнасан наймаачид алкоголь оруулж ирдэг боловч олонхи Иранчууд гэртээ сотууруулах ундаа үйлдвэрлэдэг байна. Ираны Армянуудын хүрээлэл гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн арак төрлийн хатуу архины гол бэлтгэн нийлүүлэгч болдог аж. Энэ төрлийн хатуу архи нүдний хараа муутгаж сохруулах, бүр цаашилбал үхэлд хүргэх аюултай хэдий ч Ираны залуучуудыг үүгээр хязгаарлах аргагүй. "Бид ууж байхдаа бүх зовлонгоо мартдаг. Тэгэхгүй бол Иран залуучуудад тавьдаг бүх хоригоос болж солиорно биз" хэмээн Шахрияр өгүүлсэн” гэх мэтээр сэтгүүлч бодит нөхцөл байдлыг олон талаас нь харуулсан нийтлэл бичсэн байна. Исламын Бүгд найрамдах улсад энэ асуудлаар өнөөдөр ацан шалаанд ороод байгаа аж.

Өнгөрсөн оны наймдугаар сард Хасан Рухани ерөнхийлөгч болсон цагаас цагдаагийн гэнэтийн шалгалтуудыг цөөрүүлсэн хэдий ч, шашны үзэл баримтлал, нийгмийн эрүүл ахуйн үүднээс архидан согтуурах асуудалд урьдын хэвээр хатуу хариуцлага хүлээлгэж байгаа ажээ. Ираны хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэмдэглэж байгаагаар архины хамааралтай 200 мянган хүн байгаа тул өнгөрсөн оны есдүгээр сард Тегеранд архинаас гаргах эмчилгээний төв байгуулах болсон байна.

Энэ мэт тэмцэл Исламын бүгд найрамдах улсад өрнөж байгаа хэдий ч иудийн болон христийн шашин шүтлэгтнүүдэд мөргөлийн ёслолд согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байна. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.