
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.
Цуврал 12: Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг
1. Алтан овоо
Монголын эрсийн цог хийморийг бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул аймгийн төвөөс 180 км зайтай. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, галт уулын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч урссан. Дарьгангын байгалийн цогцолборт газарт багтана.
Дарь Овоог эрт үеэс нутгийн ард олон төдийгүй ихэс дээдэс тахиж шүтэж ирсэн гэдэг. Чухам хэдий үеэс тахиж шүтэж ирсэн нь тодорхойгүй боловч XIII зууны үед тахиж байсан гэж үзэх үндэс бий. Дарь Овоог урьд "Захын хар өндөр" хэмээн нэрлэдэг байсан хэмээн нуггийн хөгшид өгүүлсэн нь тун сонин юм. Дарьгангад Манжийн эзэн хааны сүрэг байгуулагдсаны дараа тус нутгийн тахилгат овоог бий болгох асуудлаар нутгийнхны дунд маргаан үүсэж, зарга тэмцэл болсны эцэст Манжийн хааны зарлигаар Дарь Овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахихаар болсон. Ийнхүү Дарь Овоог тахихдаа оройд нь гэр хэлбэртэй "Батцагаан" хэмэээх дугуй цагаан суварга барьж дээр нь олон давхар зузаалан алтадсан зэс ганжир шүншиглэн босгож тэр нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос "Алтан Дарь-Овоо" гэх болжээ. Мөн Манжийн хааны зарлигаар Орлой мэргэн хутагтыг Дарьгангачуудын шүтэж байх лам болгосон. Тэрээр Алтан Дарь Овооны жилийн хоёр тахилгыг удирдан явуулдаг байжээ.
1911 оны Үндэсний хувьсгалаар Дарьгангачууд Монгол улсдаа нэгдэж, Богд хааны зарлиг ёсоор 1913 оны намрын дунд сарын 12-нд Алтан Дарь Овооны тахилгыг хийсэн байна. Овоог анх тахихдаа Богдын засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг олон түмэнд уншиж сонсгон, овоон сүмийн Орлой мэргэн хутагт, бусад лам нарынхаа хамт ном уншиж тахилгыг нээдэг байв. Энэ үед овоон дээр овооны сахиус болгож цагаан морь сэтэрлэж, хүж арцаар ариусган, рашаан, айраг, сүү зэргээр мялаах бусад ёслолыг гүйцэтгэдэг байна. Сүргийн гар бүр идээ, ууц, бөх, морины бай шагналын зүйлийг бэлтгэж ирдэг. Тахилгын үеэр овоог гурван удаа тойрч мөргөдөг. Дээд замаар лам, хэргэмтэн, дунд замаар эрэгтэйчүүд, доод замаар эмэгтэйчүүд тойрч явдаг ажээ.
Дарь Овоог тахиулахаар 1913-1916 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамнаас Дарьгангын Бүгдийн тэргүүнд явуулсан бичгүүдэд Их шавийн Орлой мэргэн хутагт Рэнчинбадам гэгээнтнийг олон удаа нэр зааж Дарь Овоог тахиулахаар томилсон байдаг.
1935-1989 оны хооронд 50 гаруй жил Алтан Дарь Овооны тахилга зогссон бөгөөд энэ нь тухайн үеийн Монголын улс төр, нийгмийн байдлаас шалтгаалсан бололтой. 1990 оноос овооны тахилга сэргэж 4-5 жилийн хугацаатайгаар тахих болжээ. Дарь Овооны зүүн урд хормойд байдаг дөрвөн чулуун хөргийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. 2004 онд Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди ард олны санал, нутгийн зөвлөл, өвөг дээдсийнхээ эртний шүтээн уулыг хүндэттэн үзэж төрийн их тахилгат овоо болгох тухай зарлиг гаргасан нь уул овоо тахих уламжлал, ёс заншил, дэг журмын дагуу байгаль, газар усаа хайрлан хамгаалахад чухал ач холбогдолтой зарлиг болсон юм.
Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иштэй уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөт ганжиртай байжээ.
Харин Алтан-Овооны эзэн сахиус нь эрдэнийн цагаан хүлэгтэй, эрдэнийн баринтаг хувцастай баруун мутартаа шашны дайсныг үндсээр нь таслагч болор шилэн илдтэй, зүүн мутраараа эрдэнэ агуулагч тэвш залан барьж хүссэн бүхнийг хайрлах, гурван цагийг эзэмдэх гурван мэлмийтэй, тэргүүндээ торгон титэмтэй баатар дагнас лам түшмэл, бараа бологч нараар хүрээлүүлсэн баатар эрийн дүрээр дүрсэлсэн байдаг гэнэ.
2. Шилийн Богд
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана.
Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.
Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.
Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн "Эрт цагт Шилийн Богдыг Агшуун гэдэг нэртэй байсныг зарим хүн мэддэг, Сан тахилгын сударт ч үзэгддэг" гэж тэмдэглэжээ.
2004 онд Шилийн богд уулыг ойролцоо орших Хөрөгийн хөндийн хамтаар байгалийн нөөц газарт тооцож улсын тусгай хамгаалалтад авсан. Шилийн Богд уулын орчмын газар шороо бол өгөөж баялаг, өвс ургамалтай тул хэзээнээс адуун сүрэг, бод малын өвөл, хаврын отор хийдэг онгон зэлүүд нутаг билээ. Эрт цагийн өвөг дээдсүүд, Шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалж эх орон, төрийн сүлдэндээ залбирч сэттэлийн их эрч хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэтгэх ухааныг өдөөж өгдөг, бишрэл хүндэтгэлтэй уул гэцгээдэг. Мөн шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий.
Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг “Агт нь хүрээт” хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг.
Талын агуй. Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм.
Агуй дотор хүрмэн чулуун асга хад, мөсөн цацаг, цан хүүрэгтэй хүрмэн чулуу хөрөхдөө мушгиран унин тогтсон сонин тогтоцтой нэн үзэмжтэй.
Агуйн ам чанх баруун тийш харсан байх ба дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсраар шурган ордог юм. Манай оронд одоогоор мэдэгдээл байгаа галт уулын гаралтай хамгийн том урт агуй юм. Талын агуйн зүүн тийш чиглэсэн ганцхан гол хонгилтой бөгөөд хонгилын хойд талаас 2 салаа гарах боловч нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг. Нөгөө агуйн ам нь нэг чиглэлд эргэж 11 м үргэлжлээд төгсдөг. Агуй нь нийтдээ 200 м урт юм. Талын агуйн ам чанх баруун тийш гол хонгил нь зүүн тийш чиглэсэн байна. Агуйн амаар ороод 1.4 м өргөн 1.38 м өндөр, 4,8 м урт хонгилоор дамжиж эхний танхимд ороход өргөн өндөр эрс нэмэгдэж 11.1 м өргөн, 10 м орчим өндөртэй болно.
Эхний танхим 45.6 м юм. Цаашаа үргэлжилсэн өргөн урт нь ойролцоо 5 танхим бий. Хонгилын дундаж өргөн нь 8.50 м, дундаж өндөр 7 м, хонгил хамгийн өргөн хэсэгтээ 30м% нам хэсэгтээ 1.4 м юм. Агуйн нийт талбай нь 1700м2, эзэлхүүн нь 120003 м юм. Талын агуй нь шинэ төрмөлийн эриний гуравдагч дөрөвдөгч галавын үеийн галт уулын хүрмэн чулуун доторх хийн зайнд үүссэн галт уулын гаралтай агуй юм.
Агуй үүссэн чулуулаг нь галт уул оргилход газрын гадарга дээр бялхан гарсан хар бараан өнгийн хүхэрхэг сүвэрхэг бүтэцтэй магийн бялхамал чулуулаг юм. Агуйн үүссэн хүрмэн чулуу хагарал эвдрэлд маш их орсон ба хагаралтай юм. Агуйн гол хөндий чанх хөндий гадаргаараа доош 15 градусын налуу өнцгөөр газрын гүнрүү орсон байна. Агуйн хана дээвэр нэл цан хүүрэг болсон байх ба агуй үүссэн үндсэн чулуунаас өөр минералын бүрэлдэл байхгүй. Талын агуй нь олон салаа салбар байхгүй. Агуйн төгсгөл агуйн амнаас харьцангуй доор оршдог. Агуйн таазанд жигдхэн хүнхэр хэлбэртэй тааз нь өмөрч унасан хэлбэртэй парабол хэлбэртэй юм. Агуйн шалыг бүрхэж тогтсон өнжмөл мөстэй юм. Талын агуй нь хүүдий хэлбэртэй хүйтэн агуй юм. Жилийн аль ч улиралд температур нь 0 градусаас доош байх тул Агуйн амны ус цуглуулах талбайгаас юүлэгдэж байгаа ус болон агуйн амны дэргэдээс шүүрч дааварласан бяцхан булгийн ус хүрмэн чулуун дундуур урссаар агуйн хонхор мухарт тогтон зузаан нь жилээс жилд нэмэгдсээр байна.
Агуй нь маш их чийглэг хүйтэн юм. Агуйд ямар нэгэн хорт хий хуримтлал байхгүй зуны ширүүн бороо үер болоход агуйд их хэмжээний ус бууж зарим нь хүрмэн чулуулгын ан цаваар шингэж ихэнх нь агуйд тунаж үлддэг байна. Жилийн туршид урсдаг урсгал ус байхгүй хөрс ургамал амьтны ямар нэгэн бүрэлдэл байхгүй юм.
Зарим нэг шавж мэрэгч амьтан нэвтрэх боловч шал нь мөсөөр бүрхмэл учраас удаан байдаггүй. Уг агуйг 1998 оны 2-сарын 15 нд судалж паспортжуулжээ.
Сэнжит хад. Сэнжит өндөр гэж Шилийн богд уулын зүүн урд нь 10-аад км газарт талын дунд морины уяа, зэлний гадас маягтай хоёр сэнжтэй 5-6 метр өндөр хад байх бөгөөд хоорондоо нэг км орчим зайтай юм. Энэ хоёр хад бол Чингисийн гүүн зэлний гадас юм гэнэлээ гэж нутгийн ард түмэн домоглон ярилцдаг. Нарийн ажиглавал үнэхээр тэдгээр хадны хооронд хэсэг хэсэг газар нь хонхор, зарим дэвсгэр чулуун хаданд адуу, унаганы мөр байдаг нь сонирхолтой юм.
3. Монголын хүн чулууд
Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ.
Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрласан байдаг ажээ. Их монгол улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.
Монгол улс дахь хүн чулууг дагнан судалсан хамгийн том судлаач болох археологич, доктор Д.Баяр Их монголын үеийн хүн чулууг хэрхэн нээсэн талаараа тэрээр “Монгол орны зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаас маш өвөрмөц хийцтэй хүн чулууд олдсон. Үүнийг 1927 онд зөвлөлтийн судлаач В.А.Казакевич анх судалж шинжлэх ухаанд гаргаж тавьсан. Хүн чулуу л бол түрэгийн үеийнх юм. Түрэгүүд л хүн чулуу хийдэг" хэмээн өгүүлжээ.
Тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын нутагт нийт 50 гаруй хүн чулуу бий бөгөөд зарим нь он цагийн уртад элэгдэн нүүр толгойн хэсэг нь эвдрэлд орж гэмтсэн боловч ихэнх түүхэн цаг үеэ дурсах мэт хилийн зүг хараачлан оршсоор байна. Эдгээр хүн чулууд нь 13-р зуун буюу эзэнт гүрний үед хамаарагддаг.
Түрэгийн хүн чулууд буруу энгэртэй дээлтэй, хоёр тийш эргэсэн захтай байдаг бол XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд ташуу энгэртэй, зөв захтай дээлтэйгээрээ онцлог. Түрэгүүд гэзгээ олон салаа сүлжиж нуруу дагуулан унжуулдаг байсан бол XIII зууны монголчууд чихнийхээ араар сүлжиж боогоод, урд руугаа гөхөл үс үлдээдэг байсан. Энэ болгон хүн чулуун дээр гайхамшигтай дүрслэгдсэн.
Гөхөлийн ширээний хүний чулуу. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Гөхөлийн ширээд хүн чулуу бүхий хоёр дурсгал бий.
Хоорондоо 50 м орчим зайтай бөгөөд эхний хүн чулууг 5х2,5 м хэмжээтэй гонзгойвтор чулуун байгууламжийн зүүн хэсэгт нүүрээр нь зүүн урагш хандуулан зоожээ. Галт уулын хар саарал хүрмэн чулуугаар болхидуухан урлаж хийсэн бөгөөд толгой нүцгэн бололтой, орой хэсгээс холтрон унажээ. Хамар хугарсан, хоёр чих болон нүд ам мэдэгдэнэ. Хоёр гараа хэвлий өмнө нийлүүлж баруун гартаа хундага хэлбэрийн сав барьжээ. Доод хэсэгт хоёр богинохон хөл хийгээд эр хүйсийн тэмдэг сийлжээ. Хэмжээ 77х42х30 см.
Нөгөө хүн чулуу нь гурван метр голчтой, голдоо хонхор бүхий дүгрэг чулуун овооны төвд зүүн урагш харан зоолттой буй. Мөн хар саарал хүрмэн чулуугаар хийсэн бөгөөд толгойдоо тоорцог маягийн жижиг дүгрэг малгайтай. Өргөн дүгрэг царайтай, нүүрийн дүрс тодорхой мэдэгдэнэ. Зүүн гараар хэвлийн өмнө бортого хэлбэрийн сав барьж баруун гараа унжуулжээ. Хэмжээ 76х32х23см.
Эдгээр хүн чулуудад дээл хувцас, эд хэрэглэл огт дүрслээгүй боловч ерөнхий хийц дүрслэлийн онцлог, хийсэн чулууны төрөл болон дэргэд нь буй чулуун овооны хэлбэр зохион байгуулалт зэрэг нь эдгээртэй ойр орших Хөрөгийн хөндийн бүлэг хүн чулуутай нэн ойролцоо байгаагаас үндэслэн Xlll-XlV зууны монголын түүх соёлын дурсгал гэж судлаачид үзсэн.
Хөргийн хөндий. Дарьганга сумаас зүүн тийш 45 км-т хойноосоо урагш чиглэлтэй нарийхан хөндий бий. Энэ хөндий дунд хөрөг зураг гэлтэй 7 хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр хүн чулуунууд XIII-XIV зууны түүхэнд хамаарах бөгөөд ихэнх нь малгай гуталтай хирнээ биедээ ямар ч хувцасгүй дүрслэгдсэн онцлогтой. Түүнчлэн бүгд наран ургах зүгт хандсан байрлалтай.
4. Таван толгойн археологийн цогцолбор
Онгон таван толгойд археологич Д.Наваан гуай МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутануудтай XIII- XIV зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалуудыг олсон юм. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг Д.Наваан гуай “Дарьгангын алтан шонхор” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Мөн археологич, доктор Ц.Төрбат Онгон таван толгойд малтлага хийж мөн маш ховор чухаг олдвор олж нээсэн бөгөөд ясан тамга, исэр сандал зэрэг нь шинжлэх ухааны онцгой олдвор хэрэглэгдэхүүн ажээ.
Богтаг малгайн алтан цог чимэглэл. Галын дөл мэт угалзарсан хэлбэртэй, нарийн алтан утсаар цэцэг ургамлын дүрс гаргаж зай завсаргүй сүлжин чимэглэсэн, үнэт чулуун шигтгээтэй. Уг чимэглэл 5 см өндөр, 5.6 см өргөн, 0.5 см зузаан, 22.7 гр жинтэй.
Сүхбаатар аймаг, Онгон сум, Таван толгойн 5-р булш
Цагаан чулуун жинстэй соновторж. Гуулин ялтсаар хөөмөлдө алтаар шарж хийсэн дөрвөн дэлбээтэй суурин дээр жижгэвтэр зургаан дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуун жинс суулгасан.
5. Ганга нуур
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг.
Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.
Ганга нуурын ойролцоо төрийн тахилгат Алтан-Овоо, Молцог элс зэрэг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газруудыг хамгаалах зорилгоор 2004 онд УИХ-ын 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар далайн төвшнөөс дээш 1300 метр орчим өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм. Хамгийн өндөр цэг нь Гангын цагаан овоо бөгөөд далайн түвшнөөс дээш 1530 метр.
Цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 90% нь хуримтлалын гаралтай элсэн тарамцаг юм. Энэхүү элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс гэсэн гурван хэсгээс тогтоно. Эдгээр элсэнд хаагдаж тогтсон нуур тойром, цөөн тооны горхи булаг бий. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүнзгий хагарал дайрч гардаг. Хүрэн, хар хүрэн, нугын хөрс тархсан.
Ургамалжилтын хувьд тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс зэрэг амьтадтай. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хошуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд бий. Ганга нуур, Улаан нуур, Дуут нуур зэрэгт намар болохоор гангар хун хэдэн мянгаараа цуглан чуулдаг онцлогтой.
Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.
Мөн Ганга нуурын талаар нэлээд олон домог яриа байдаг.Тухайлбал Их эзэн Богд сэлмээ ирлэхдээ Гангын цагаан овоон дээр суугаад хажуу тийш эргэн Дөш ууланд давтан ширгээж гангын усанд дүрж, хатааж байснаас гангын ус цагаан өнгөтэй болсон байдаг.
Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уул бий. Түүний тогоон доторх жижигхэн довцог дээр Торой бандийн хөшөө байдаг. Гангын цагаан овоо уулыг урьд цагт тахидаг байжээ. Энэ хөшөөнд торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн аж.
Хөшөөг хүрэн будгаар будан өмнө зүгт хандуулан тавьжээ. Торой бандийн хөшөө байгаа довцгийн доор 1.2 метр орчим диаметртэй хүрэл тогоо бас байдаг. Дарьганга нутагт Орлой хөх Бух Нэйрэн зэрэг олон сайн эр байсны нэг нь халхын сайн эр гэж түмэнд нэрлэгдсэн Торой банди юм.
6. Хунгийн чуулган
Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг.
Аймгийн иргэдийн ярж байгаагаар усны гэгдэх шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг гэж байна. Энэ урагшлалт нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж урт үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой хэмээн ярилаа.
Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Түүний нэг нь Ганга нуур гэнэ. Жил бүрийн 10 дугаар сард тус аймгийг зорих дотоод жуулчдын тоо эрс нэмэгддэг байна. Тэд бүгд л “Хунгийн чуулган” үзэж нүдээ баясгаж, сэтгэлээ амраахыг зорьдог байх нь.
Жил бүрийн 10 сард буюу 7-9 ны өдрүүдэд “Хунгийн чуулган” болдог байна.
7. Егүзэрийн хийд
Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг 4 тахилгат уулын дунд байрлажээ.
Оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулжээ. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байжээ.
Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхийгээр баригджээ. Орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, Монгол загварын барилгуудтай байжээ. Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байжээ. Их бага жастай байсан бөгөөд жасын хашаанд 6 ханатай том гэрт 8 тотго бүхий тулга тулж, түүн дээр 4 бариултай том тогоо тавиастай байв. Энэхүү тулга тогоо нь жил бүр Егүзэрийн хийдийн тахилга үйлддэг гал голомт байжээ. Цогчин дуганы үүдэнд өөд өөдөөсөө харсан 2 сүм байсан бөгөөд зүүн сүмийн урд “жинлүү” хэмээх хонх, баруун сүмийн өмнө “гүнлүү” хэмээх том хэнгэрэг байрлуулсан байжээ.
Эдгээрийг өглөө, үдшийн цагийг зарлах, дохио өгөх зэрэгт хэрэглэнэ. Сэрдэн хэмээх сүмд тус хийдийн эзэд Егүзэрийн шарилуудыг занданшуулж, шилэн хоргон дотор бунхалдаг байв. Гэсэр сүм нь Лаврин сүмийн ард байрлах ба түүний баруун зүүн талаар лам нарын хашаа байшин гэрүүд эгнэж, зүүн баруун өмнө талаар сүсэгтэн олон, ядуу ардын гэрүүд эгнэж байжээ.
Егүзэрийн хийд урьд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байжээ. 1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Галсандаш байжээ. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болжээ. Егүзэр хутагт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Алс холын аймаг хошуудаас хус, улиас, бургас авчран тариулж, газар хагалж тариалан эрхэлж байжээ. Буга согоо, тарвага, тагтаа авчран үржүүлж, улмаар тус хийдэд 21 зүйлийн амьтан бүхий хүрээлэн байгуулжээ. Егүзэр хутагт өөрөө илжигнээс эхлээд 50 гаруй толгой жижиг биетэй адууг Богдоос авчирч тэжээж байсан гэдэг. Нэхмэл хивс, цаас, шаазан ваарны үйлдвэрүүд хүртэл байгуулжээ.
Мөн Оросоос мэргэжилтнүүд ирүүлж хайгуул шинжилгээ хийлгэн газрын хөрсний баялгийг хүртэл судлуулж байжээ. Гадаад орны худалдаачидтай малын ноос худалдаалах гэрээ байгуулж төр шашны хэрэг эрхлэх эдийн засгийн чадавхаа байнга сайжруулж байжээ.
Егүзэрийн хийд 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байжээ. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол ардын намын үүр байгуулах хурал болжээ. Мөн түүний дараагаар Егүзэрийн хийд дээр 1923 онд Гаалийн хороо, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний эвлэлийн түр хороог тус тус байгуулсан байна. Энэ бүхэн нь тухайн үед Егүзэр хутагт болон Егүзэрийн хийд Монголын зүүн хязгаар нутагт маш нөлөө бүхий байсныг гэрчилж байна. 1930 оны 9 дүгээр сард Егүзэр хутагтыг хувьсгалын эсэргүү хэмээх хилс хэрэг тулгаж, өөр 7 хүний хамт буудан хороожээ.
Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193
Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257
Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393
Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634
Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755
Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546
Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438
Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221
Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007
Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698
Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009
Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270
Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170
Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844
Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501
Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534
Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266
Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499
Эх сурвалж: www.mongolcom.mn
Бэлтгэсэн:
Мөнхтуяа
(122.201.31.175) 2020-07-25 07:39Баярлалаа Сайхан мэдээлэл авлаа
Хариулах