
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр Солонгосын эвлэрлийн эхлэл болгож БНСУ-тай телефон холбоогоо сэргээхээр төлөвлөж буй тухайгаа хэдэн өдрийн өмнө мэдэгдэж байсан бол энэ даваа гарагийн өглөө Хойд Солонгос улс Өмнөд Солонгостой телефон холбоогоо сэргээжээ.
Нөгөөтэйгүүр Пхеньян хоёр улсын харилцаа холбоо сэргэх эсэх нь "Өмнөд Солонгосын хандлага"-аас шалтгаална гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн хэдэн долоо хоногт Хойд Солонгос пуужингийн туршилтуудаа эрчимжүүлсэн ба нэг сар хүрэхгүй хугацаанд пуужингийн 4 туршилт явуулаад байна. Энэ даваа гарагийн өглөө хоёр улсын албаны хүмүүс өнгөрсөн 8-р сараас хойш анх удаа утсаар холбогдсон ба БНСУ-ын зүгээс хоёр Солонгосын телефон холбоо сэргэсэн нь хоёр улсын харилцаа сайжрах суурь болж өгч байгааг онцолжээ.
Хоёр улсын телефон холбоо түүхэндээ хэд хэдэн удаа тасарч, сэргэж байсан ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт үр дүнгүй болсны дараа 2020 онд Пхеньян хоёр улсын харилцаа холбоог сайжруулах зорилгоор баригдсан хил дээрх оффисоо нурааж, хоёр улсын төрийн тэргүүнүүд болон цэргийн удирдлагуудын хоорондоо шууд холбогддог телефоны шугамыг тасалж байсан билээ.
Өнгөрсөн 8-р сард хоёр улсын телефон холбоо дахин ажиллаж эхэлсэн ч БНСУ АНУ-тай цэргийн хамтарсан хээрийн сургуулилт хийсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосын талаас холбоогоо дахин тасалсан юм.
Хоёр Солонгосын дайн 1953 онд төгссөн ч Хойд Солонгос, БНСУ хоорондоо энх тайвны гэрээ хийгээгүй учраас хоёр улс дайтсан хэвээрээ байгаа гэж хэлж болох юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.