
1941 оны 9-р сарын 27-нд Смоленскийн ойролцоо олзлогдсон Узбекийн улаан армийн зуун цэргийг Нидерландад байдаг Германы концлагерийн Амерсфортод хүргэжээ.
Узбекийн 101 цэргүүд нь мянга гаруй хүн ачсан Самаркандийн эшелоноос үлдсэн төдий олзлогдогсод байжээ... Узбекүүд Смоленскийн дэргэд дэх тулаанд сүүлчийн сум гранатаа дуустал нь тулалджээ. Ингээд тэд дайсанд бүслэгджээ.
Геббельс Азийн үндэстнүүдийг суртал ухуулгын зорилгоор ашиглан, улмаар цэвэр Ари үндэснийхээ давамгай, давуу талыг харуулахыг бодож төлөвлөж байсан ч, тэрээр үүнийгээ буруу тооцоолсон байлаа.
Олзлогсдод бий болгосон нөхцөл байдал гэвэл ердөө л аймшиг байв. Энэ үйл явдлын нэг гэрч нь Амерсфорт хотын оршин суугч Хенк Брукаузен гэгч байсан бөгөөд тэрбээр: “Ноорхой хувцастай тэд цэрэг дайчин эрс шиг ер харагдсангүй... Нацистууд тэднийг төмөр замын өртөөнөөс хорих лагерь хүртэл төв гудамжаар нийтийн өмнүүр жагсаалаар нь тууж явжээ. Тэд жижигхэн биетэй, ядарч сулдсан, хөлөө хуучин муусайн даавууны тамтагаар боож ороосон байв. Зарим нэг нь арай ядан хөл дээрээ тогтох бөгөөд бие биенээ хамжиж дэмжин, түшиж тулсан байлаа" гэжээ.
Эдгээр хоригдлуудад хандах хандлага нь “онцгой” байсан бөгөөд тэднийг бараг хооллодоггүй, хамгийн хүнд хүчир ажлыг хийлгэдэг, дараа нь бороохой болон винтов бууны бөгсөөр цохиж зоддог байлаа. Нацистууд тэднийг хоорондоо "untermenschen" (хүмүн бус) хэмээн доромж үгээр нэрлэдэг байв. Өөр бусад олзлогдогсод эдгээр хүмүүстэй яагаад ингэж мал амьтан шиг дорд үзэн харьцдагийг гайхдаг байжээ.
Энэ хорих лагерийн хоригдлуудын нэг болох Алекс де Леу, лагерийн харгалзагч тахарууд нь Узбекуудыг мал амьтнаас ч дор, зориуд ийм аймшигт байдалд байлгахыг хичээдэг байлаа хэмээн бичжээ. Тийм хоригдлуудын нэг нь Узбекүүдтэй хоол хувааж идсэнийхээ төлөө бүхэл бүтэн хорих лагерийг тэр чигээр нь хэдэн өдрөөр хоолгүй болгон шийтгүүлж байжээ.
Олзлогдсон Узбекүүдийн тухай энэ түүхийг дэлхий нийт Нидерландын "Зөвлөлтийн алдрын талбар" сангийн захирал Ремко Рейдингийн ачаар мэджээ. Судлаач олзлогдогсдын дотор узбекуудаас гадна казах, киргиз, башкирууд байсныг тодруулсан бөгөөд тэднийг зориуд тусгайлан ингэж ядраан туйлдуулж байсныг нь ч хүртэл олж тогтжээ.
Москвагийн хувь заяаны төлөөх тулалдааны өмнө нацистууд Смоленскийг гарз хохиролтойгоор тулалдаж авсан Герман цэргүүдийн итгэл алдарсан сэтгэл санааг нь өргөх хэрэгтэй байжээ. Тэд нэг сарын дотор бүхэл бүтэн улсыг эзэлж аван, ялж байсан ч Орос орны нутгийн гүнд, хоёр сар гарангийн хугацаатай нам гацсан нь германчуудын хувьд, энэ явдал нь тодорхой хэмжээгээр ичгүүр гутамшигтай явдал болсон ажээ.
Харин Йозеф Геббельс эсрэгээр нь тоглохоор шийдсэн бөгөөд дайсныгаа арчаагүй өрөвдмөөр, энгийн сул дорой нэгэн болгон харуулахаар шийджээ. НСДАП-ын үзэл сурталын хэлтсийн даргын тушаалаар өлсөж туйлдсан "зэрлэг азиуд" ганцхан өмх төдий хоолны төлөөнөө хэрхэн тэмцэлдэн буйг нь кино зураг болгон харуулах, зургийн багийг тусгайлан илгээжээ. Энэ кино зургийн зорилго нь, ЗСБНХУ-д ямаршуухан төрлийн зэрлэгүүд амьдардаг болох, тэд биеэ хэрхэн яаж авч явдгийг л харуулах явдал байлаа. Кино зургийн дурангийн дор нэгэн харгалзагч хоригдлууд руу бүтэн талх шидсэн боловч нөгөө булаалдан тэмцэлдэх явдал гарсангүй.
Ийм хүнлэг бус нөхцөл байдалд байсан ч, эдгээр Узбекүүд эртний ёс уламжлалаа орхилгүй, нэр төрөө эрхэмлэн, татгалзаж чаджээ. Нэг цэргийн олзлогдогч талхыг газраас авчээ. Ингээд узбекүүд тойрог болон суугаад хамгийн ахмад нь талхаа хувааж өгөхөд, гинжтэй нөхөд нь бие биендээ жижиглэн хуваан, цааш дамжуулжээ. Хоолноос болж зодоон гарсангүй, үзэл сурталын ухуулагчид ч хуарангаас гарч явцгаав. Үүний дараа узбекуудын нөхцөл байдал бүр ч дорджээ.
Харгалзагчид гахайн хоолонд өгөх гэсэн төмсний хальс идсэнийх нь төлөө хэд хэдэн хоригдлыг зодож байсан хэмээн Ремко Рейдинг баталдаг юм. 1941 оны өвлийг зөвхөн 77 хоригдол л даван амьд үлдэж чадсан ч, 1942 оны хавар нь тэднийг лагерийн зэргэлдээх ойд аваачин бууджээ. Рейдинг дайны дараа харгалзагчдын дурсамжаас иш татан, тэднийг цаазаар авах үед узбекүүд гар гараасаа барьцгаан, үхлийн өөдөөс эгц харан зогцгоож байсан хэмээн бичжээ.
1945 оны 5-р сард лагерийн удирдлагууд бүх бичиг баримтаа шатаасан ажээ. Дайны түүхчид тэдгээр Узбек хоригдлуудаас зөвхөн Кадыров Хатам, Муратов Заир гэсэн хоёр нэрийг олж мэдсэн гэдэг.
Эх сурвалж: https://rusevr.asia/podvig-uzbekskix-sol
Орчуулсан. Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.