
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Япон улсын хүн амын өсөлт буурсаар, Япон улс цаашид оршин тогтнох эсэх дээрээ тулаад буй талаар мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар уг асуудлыг хойш тавилгүй яаралтай шийдэх ёстой аж. 125 сая хүн амтай тус улсад 1970-аад онд жилдээ 2 сая гаруй төрөлт бүртгэгддэг байсан бол өнгөрсөн жил 800 мянга хүрэхгүй төрөлт бүртгэгдсэн байна.
Дэлхийн бусад улс орнуудад тэр дундаа Японы хөрш орнуудад төрөлтийн тоо буурах хандлага ажиглагдаж байгаа ч Япон улсад сүүлийн хэдэн 10 жилд дундаж наслалт тасралтгүй нэмэгдсэнээр хүн амын өсөлтийн асуудал ноцтой төвшинд хүрчээ.
Тус улсад өндөр настнуудын тоо өсөхийн хэрээр тэдгээрийг дэмжих хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурсаар байна. Япон улс 65-аас дээш насны иргэдийн хүн амд эзлэх хувиар тэргүүлж буй орнуудын жагсаалтын хоёрдугаарт Монако 39 мянга орчим хүн амтай Монако улсын ард бичигдэж байна.
Ерөнхий сайд Фүмио Кишида, "Хүүхэд болон хүүхэд өсгөхтэй холбоотой бодлогууддаа анхаарал хандуулах нь хойшлуулашгүй асуудал болоод байна." хэмээн засгийн газар ойрын хугацаанд хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүддээ зарцуулах төсвөө хоёр дахин нэмэгдүүлнэ, уг асуудлыг хариуцах засгийн газрын шинэ агентлаг ирэх 4-р сард байгуулагдана гэжээ.
Өмнө нь Японы засгийн газар хүн амын өсөлтиыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан ч амжилт олоогүй юм.
2020 онд судлаачид Японы хүн ам 2017 онд 128 сая хүн ам болж, оргилдоо хүрсэн, үүнээс хойш хүн ам нь тасралтгүй буурсаар энэ зууны сүүл гэхэд 53 сая орчим болно хэмээн тооцоолсон юм.
Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн амын тоо 125 сая орчим болж буурчээ. Нөгөөтээгүүр Япон улс цагаачлалын тал дээр хатуу бодлого баримталсаар ирсэн ба шинжээчид Японы эрх баригчид хөгширч буй хүн амынхаа асуудлыг шийдэхийн тулд цагаачлалын бодлогоо сулруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Төрөлтийн тоо буурч байгааг амьдралын өртөг өндөр, эмэгтэйчүүд сурч, ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн, жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг зэрэг нь хүртээмжтэй болж, эмэгтэйчүүдийг цөөн хүүхэдтэй байх сонголтыг хийх болсонтой холбож байна.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ мөн л улсад нь төрөлтийн тоо буурч, хүн амынх нь тоо сүүлийн 60 жилд байгаагүйгээрээ буурсан болохыг мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.