
Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн холбоо дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс тэр дундаа улс орнуудын төрийн тэргүүнүүд, тэрбумтнууд, улс төрийн зүтгэлтнүүдийн нууц өмч хөрөнгө, гэрээ хэлэлцээрүүдийг ил болгосон 12 сая орчим баримтыг хуваалцжээ. Уг баримтуудыг ил болгоход дэлхийн 117 орны 600 гаруй сэтгүүлчид ажилласан байна.
Pandora Papers сэтгүүлчдийн эрэн сурвалжлах баримтанд дэлхийн улс орнуудын одоогийн бөгөөд өмнөх төрийн тэргүүнүүд, 300 гаруй төрийн албан хаагчдын оффшор компаниудтай холбоотой баримтуудыг дэлгэсэн байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид Британийн Виржинийн арлууд, Панама, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур болон Швейцарь зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 24 компанийн 12 сая орчим баримтыг судалж, ил болгожээ.
Улс төрчид болон бизнес эрхлэгчид ихэвчлэн татвараас зайлсхийх, өмч хөрөнгөө ямар нэг шалтгаанаар нуун дарагдуулах зорилготойгоор оффшор данс нээдэг байна. Pandora Papers-т дурдагдсан баримтуудаас дэлгэвэл Йорданы хаан АНУ болон Их Британийн Нэгдсэн Вант улсад нууцаар нийт 100 сая орчим ам. долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан болохыг тогтоожээ. Абдулла бин Аль Хусейн хаан уг худалдан авалтаа Британийн Виржинийн арлууд зэрэг улс орнууд дахь оффшор компаниудыг ашигласан ба 1999 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш 15 үл хөдлөх хөрөнгө нууцаар худалдан авчээ. Йорданы хаан Абдулла бин Аль Хусейны өмгөөлөгчдын мэдэгдсэнээр Йорданы хаан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсны дагуу өөрийнхөө хувийн мөнгөөр худалдан авсан аж.
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр гэргийн хамтаар 2017 онд Лондонд хотын төвд байрлах 8.8 сая ам. долларын үнэ бүхий оффисын барилгыг худалдан авахдаа тус барилгыг эзэмшдэг Британийн Виржинийн арлууд дээр байрладаг компанийг худалдан авчээ. Ингэснээрээ Ерөнхий сайд асан Тони Блэр 400 мянган ам. долларын татвар төлөхөөс зайлсхийж чаджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монаккод нууц үл хөдлөх хөрөнгөтэй болохыг батлах баримтуудаас гадна Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Францын өмнөд хэсэгт байрлах хоёр эдлэн газрыг 12 сая фунт стерлингээр худалдан авахдаа хөрөнгө оруулалтын оффшор компани ашигласан болох нь ил болжээ. Тэрээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байжээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев боллн түүний гэр бүлийнхэн Их Британийн Нэгдсэн Вант улсад нийт 541 сая гаруй ам. долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авсан ба тэдгээрийн дотор Ерөнхийлөгч Ильхам Алиевын 11 настай хүү Гейдар Алиевын нэр дээр Лондон хотод 44 сая ам. долларын оффисын барилга худалдан авсан нь ил болжээ.
Pandora Papers-т дурдагдсан зарим албан тушаалтнууд нь авлига хээл хахууль, мөншө угаалт, татвараас зайлсхийх гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа аж.Эрх мэдэлтнүүдийн оффшор компаниудын тусламжтай хийгдсэн худалдан авалтуудын дийлэнх нь хуулийн дагуу хийгдсэн ч Олон Улсын Эрэн Сурвалжлах сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх редактор Фергус Шил, "Өмнө нь ийм их хэмжээнтй баримт гарч байгаагүй ба Pandora Papers нь оффшор компаниуд хүмүүст татвараас зайлсхийхэд болон эх үүсвэр нь үл мэдэгдэх мөнгөө нуухад нь хэрхэн тусалдаг болохыг харуулж байна. Оффшор данс, оффшор сан, оффшор компаниудыг ашиглан эрх мэдэлтнүүд ард иргэдийнхээ мөнгөөр бусад улс орнуудад хэдэн зуун сая ам. долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, өөрсдийн гэр бүлийнхээ өмч хөрөнгийг нэмэгдүүлж байна" хэмээн онцолжээ.
Pandora Papers-т Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата болон түүний гэр бүлийн 6 гишүүн 11 оффшор компанитай нь тогтоогдсон ба тэдгээр компаниудын нэг нь л гэхэд 30 ам. долларын хөрөнгө эзэмшдэш аж.
Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы ойрын түншүүд болон засгийн газрынх нь гишүүд, тэдгээр гишүүдийн гэр бүлийнхэн нь мөн л оффшор компаниуд ашиглан олон сая ам. долларын өмч хөрөнгө эзэмшиж байгаа нь ил болжээ.
Кипрын Ерөнхийлөгч Никос Анастасиадасын хуулийн фирм нь оффшор компаниудын жинхэнэ эздийг хуурамч хүмүүсийн нэрийн доор нууцалж байсан нь тогтоогдсон бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн өөрийн хөрөнгөө оффшор компанид шилжүүлжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээ:
Pandora Papers: Сү.Батболд 2006 онд Худалдааны сайд байхдаа Лондоны тансаг зэрэглэлийн 2 орон сууцыг 8.8 сая доллараар худалдан авсан - http://mongolcom.mn/read/14873
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.