
Хамгийн хүчтэй, юунд ч дийлдэшгүй, өөрт болон бусдад ихэд тустай цаглашгүй дөрвөн сэтгэл
1. Нигүүлсэнгүй сэтгэл
Элбэг хангалуун, эрүүл саруул, амар амгалантай, жаргалтай хүмүүс, амьтдыг үзээд: “Эдгээр
хүмүүс, амьтад үнэхээр сайхан юмаа, яг энэ хэвээрээ амгалан жаргалтай л байгаасай” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй нигүүлсэнгүй сэтгэл өөрт төлөвшиж бий болно.
2. Асралт сэтгэл
Ядуу дорой, өвчин зовлонтой, хүлэгдэж зодуулсан, мунхаг харанхуй зэрэг элдэв зовлонд энэлэгсэдийг үзээд: “Эдгээр зовлонд шаналсан хүмүүс, амьтад үнэхээр хэцүү өрөвдөлтэй юмаа, энэ эдлээд байгаа зовлонгийн уг шалтгаанаасаа бүр мөсөн хагацаасай” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй асралт сэтгэл өөрт нь төлөвшиж бий болно.
3. Баясах сэтгэл
Урьд нь ядуу дорой, өвчин зовлонтой, бусдын эрхэнд зовж байснаа, тэдгээр зовлонгоосоо хагацаад, элбэг хангалуун, эрүүл саруул, амар жаргалтай болсныг үзээд: “Эдгээр хүмүүс, амьтад урьдын зовлонгоо дахин амсалгүй, яг одоо бий болсон энэ амгалан жаргалангаасаа хагацахгүй байгаасай” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй баясахуйн сэтгэл өөрт тань төлөвшиж бий болно.
4. Эн тэгш сэтгэл
Ядуу дорой, эсвэл баян хангалуун, өвчтэй зовлонтой, эсвэл эрүүл чийрэг, сайхан зүстэй, эсвэл муухай зүстэй, эрх мэдэлтэй, эсвэл эрх мэдэлгүй гэх мэт сайн, муу янз бүрийн байдалтай хүмүүс, амьтдыг үзээд: “Эдгээр хүмүүс, амьтад хэдий сайн, муугийн ялгаатай байгаа ч би бүгдэд нь эн тэнцүү энэрэл, асралын сэтгэлээр хандаж байя” хэмээх сэтгэл. Ийм сэтгэлийг тухайн тохиолдол бүрд нь дотроо дахин дахин төрүүлээд байвал цаглашгүй эн тэгш сэтгэл өөрт тань төлөвшиж бий болно.
Ганбаатарын Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.