ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2014.10.15/ үдээс хойш хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94,9 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжих Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг батлах санал хураалтыг гишүүдийн 89,4 хувь нь дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.