Ч.Даваабаяр: МҮОНРТ өнөөдөр ялзарч, туйлдаа хүрч байна

Twitter Print
2013 оны 11-р сар 25-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх тухай телевизийн ажилчдын өргөх бичгийг хэлэлцээд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт үүссэн маргааныг эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллан үр дүнг нь ирэх сарын 2-ны дотор үндэсний зөвлөлд танилцуулахыг даалгасан тогтоол гаргасан. Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чиглэл өгсөний дагуу Ерөнхий захирал М.Наранбаатар ажилчдынхаа өгсөн шаардах бичгийг нягталж үзээд Ч.Даваабаярыг энэ сарын 22-ноос эхэлж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ерөнхий захирал М.Наранбаатарын тушаал гарчээ.  Энэхүү шийдвэрийг түүнд танилцуулах гэсэн боловч Ч.Даваабаяр нь утсаа салгаад ажилдаа ирэхгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Харин МҮОНТ-д үүссэн асуудалтай холбогдуулан Ч.Даваабаяраас дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн баасан гарагт таныг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар үүрэгт ажлаас тань чөлөөлөх тушаал гаргасан. Энэ талаар таны байр суурь?


-М.Наранбаатарын тушаалыг хүлээж авсан. Энэ тушаалтай санал нийлэхгүй. Би нэг л зүйлийг ойлгож байна. М.Наранбаатар гэдэг хүн бол хэнд ч захирагддаггүй, дураараа хүн юм байна. Үндэсний зөвлөлд захирагддаггүй, гаргасан тогтоол шийдвэрийг нь ч мөрддөггүй юм байна. Үндэсний зөвлөлөөс үүсээд байгаа асуудлыг судалж шалгах, эрх мэдлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч танилцуулах үүрэг М.Наранбаатарт өгсөн. 

Гэтэл Наранбаатар захирал хоёр талын хооронд үүссэн асуудлыг шалгаж тогтоолгүй нэг талыг баримтлан шууд л намайг халах шийдвэр гаргасан. Асуудлыг ингэж шийдэж болдог юм уу. Энэ үйлдэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлийнхөө дээр нь гарчихсан гэдгийн илрэл гэж ойлгож байна.

Үндэсний зөвлөлийн н.Сосорбарам зэрэг гишүүд Үндэсний ТВ-д олон жил бугшиж, бугласан бүхнээсээ салах цаг болсныг хурал дээр хэлсэн. Үүнийг шалгаж, идээ бээрээсээ салахын оронд ганц намайг халснаар асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй ээ. 

М.Наранбаатар ийм л арга барилаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж ирсэн учраас МҮОНРТ өнөөдөр ингэж ялзарч, туйлдаа хүрсэн. Ийм даргатай учраас нэгдэл салбарынх нь дарга нар нь энэ хүнийхээ хамгаалалт дор дураараа авирлаж, МҮОНТ-ийг хувьцаат компани болгож авснаас ялгаагүй байна. Энэ хүн, эдний багийнхан ингэж л ажиллаж сурсан юм байна гэдгийг ойголоо.



-М.Наранбаатар таныг ажлаас халчихлаа. Одоо Цагаандалай нарын хүмүүс нэр төрөө сэргээлгэнэ, шүүхэд өгнө гэсэн мэдээллийг өгч эхэллээ. 



-Би шударга бус байдалтай эвлэрэхгүй. Цагаандалай нарын хүмүүст хэлэхэд “Битгий сандарцгаа”. Үндэсний телевизийг хувийн компани шиг ээ, хувьцаат компани шигээ ашигладгийг болиулахын төлөө би тэмцсэн. Ингэсний төлөө би энэ эсэргүүцэлтэй тулгарч, Үндэсний ТВ-ийг хувийн юм шигээ ашигладаг энэ хүмүүс өөрсдөө ил гарч ирлээ.

Би нэг зүйлийг хэлье. Би тууштай тэмцэнэ. МҮОНТ-ийн захирал гэдэг албан тушаал бол хоргодоод байх эрх мэдэлтэй албан тушаал биш. Нэг хүн ажилд авах эрхгүй, ажлаас халах эрхгүй, ганц төгрөгийн мэдэлгүй завсрын ийм л албан тушаал. Эрх мэдэл хэнд байна вэ гэвэл, алба нэгдлийн дарга нарт байна. Ийм хүмүүс л энэ албан тушаалаасаа салахаас айж байгаа. Тэдэнд “Та нар бүү сандарцгаа. Удахгүй бүх зүйл байр байрандаа очно” гэж хэлье. ТВ-ийн нэрээр мөнгө завшдаг, ТВ дотор ТВ байгуулж ашгийг нь сорон мөлждөг ийм сүлжээтэй хатуу тэмцэнэ. 

Гэхдээ би нэг ч уран бүтээлчийн нэрийг барихгүй, гарын үсэг цуглуулахгүй, ганцаараа ч гэсэн тэмцлээсээ ухрахгүй гэдгийг хатуу хэлье.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.