Тайван хүлээцтэй ажиглавал сэтгэлийн гол аяндаа цэвэршинэ

Twitter Print
2020 оны 06-р сар 28-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Будда зуны халуун өдөр нэг тосгоноос нөгөө тосгон руу аялж явжээ. Тэрээр шавь Анандад хандаж:

- Ананд минь Миний ам цангаад байна. Түрүүн бид нэг голоор гарсан даа. Эргэж яваад тэндээс ус аваад ир гэжээ.

- Танд хүчин зүтгэх нь миний баяр бахдал шүү дээ гээд Ананд эргэн явлаа.

Тэр гол уулнаас эх авдаг цэвэр цэнгэг устай гол байж. Харин Анандыг эргэн очиход булингартай, бохир харагджээ. Ийм бохир ус Буддад өгч болохгүй гэж бодоод эргэн ирж.

- Би ус авчирч чадсангүй. Гэхдээ санаа зоволтгүй. Өөр нэг том гол холгүй бий. Тэндээс ус аваад ирье гэж хэлэв.

- Чи юу ч ойлгохгүй байна. Би тэр голын уснаас л уух гэсэн юм. Цаг, эрч хүчээ дэмий үрж дээ.

- Тэр ус их муухай бохир, элдэв хог саг хөвж байсан шүү дээ гэхэд нь

- Буцаад яв гэж Будда хэлэв.

Багшийн зарлиг тул Ананд эргэж явлаа. Түүнийг очиход хог буртаг арилж, ус тунгалаг болсон байв. Голын эрэг дээр суугаад багшийн хэлэх гэсэн санааг сая ойлгожээ. Түрүүн жаахан тэвчээртэй хүлээсэн бол урсгал аяндаа цэвэршихийг харах байж. Ананд цэвэр ус аван эргэн ирэхэд Будда:

- Чи миний юу хэлэх гэснийг ойлгов уу? гэв.

Ананд нулимсаа арчин:

- Тийм ээ, ойлголоо. Өмнө нь очихдоо би голын усанд хөвөх хог сагийг арилгах гэж оролдоод улам булингартуулж орхисон. Тэгэхийн оронд зүгээр л эрэг дээр суугаад, ус өөрөө цэвэршихийг харах ёстой байжээ. Урсгалд хог саг аяндаа туугдаж, булингар зөнгөөрөө намждаг юмсанж.

Сая би голын эрэг дээр урсгал ширтэн сууж байхдаа сэтгэлийн урсгалаа ойлголоо. Өнгөрсөн үетэйгээ зууралдсан, үхэл зовлонгийн айдас, элдэв хог саг, буртаг булингарт автсан миний сэтгэл яг л тэр голын урсгал шиг. Би сэтгэлээ хүчээр намжаах гэж зогсоо завгүй оролддогоос болж улам булингартуулж, “Хэзээ ч би Буддагийн төвшинд хүрэхгүй нь” гэсэн дорд үзэлд автдаг байж. Өнөөдөр голын урсгал ширтэн суугаад өөртөө итгэх итгэл минь сэргэлээ. Тайван хүлээцтэй ажиглах юм бол сэтгэлийн гол аяндаа цэвэрших болов уу гэж өчжээ.

- Тийм ээ, энийг л чамд ойлгуулах гэсийм. Хоёр үхэр тэрэг уул даван ирэхийг хараад, гол гатлах цагийг нь тааруулж чамайг усанд явуулсан. Үнэн хэрэгтээ миний ам цангаагүй, чиний зүрх цангасан байлаа гэж Будда хэлжээ.

Шри Шри бясалгалын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.