Казахстанд бэр хулгайлах заншил сэргэж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Үндэснийхээ эх гарвалыг эрж хайн бэдрэхдээ дэлхий дахины хэдийнээ мэдэх бусдын түүхийг булаацалдаж шившигээ дэлгэх болсон Казахууд сүүлийн үед охид бүсгүйчүүдийг “хулгайлж” дэр нэгтгэдэг эртний ёс жаягаа сэргээх болжээ. Үүнд нь өрнөдийн хэвлэл мэдээллүүд толгой дараалан гайхаширч, дэлхийн шившиг хэмээн цохон цоллож байна.

Казахууд “бэр хулгайлах” гэдэг хүч түрэмгийлсэн ийм нэгэн хуримын үйл явцыг гар утсан дээр авсан бичлэг интернэтэд шуугиан тарьж эхэлжээ. Казахстаны Акмола мужид хийсэн уг бичлэг дээр “хулгайлагдаж” буй бяцхан бүсгүй автомашины арын суудал дээрээс босохгүй орь дуу тавьж, хөл гараараа өшигчин өөрийн чадлаар тэмцэх аж. Харин хүргэний гэрийн босго хүртэл дэвссэн урт хивс, Казах үндэсний дуу хөгжмийн аялгуунд баярлан хөөрч байгаа хүргэний ах дүү нарын дүр зураг харагдаж байгаа бөгөөд хэдэн хүн эцэст нь бүсгүйг хүчээр өргөх шахуу явсаар хүргэн хүүгийн байшингийн босго давуулж дөнгөсөн аж.

Анфиса Зуева, 30 настай, орон нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах идэхтэн, уг явдлыг “зэрлэг бүдүүлэг явдал” гэж үзэж байгаа бөгөөд эмэгтэй хүнийг хулгайлж хүчээр гэр бүл болох асуудлыг олонхи улс оронд гэмт хэрэг гэж үздэг, “хүн төрөлхтөн биднийг өнгөрсөн баларсан үедээ эргээд очиж байна гэж үзэхэд гайхах юм үгүй” (‘No wonder people think we're backward,') хэмээн өгүүлсэн байна.

Зөвлөлт Оросын бөөрөнд хэдэн арван жил болохдоо жаахан ч гэсэн ягаарсан гэж үзэж болох Казахууд өнөөдөр хуучны ёс заншлаа сэргээж байгаа нь энэ аж. Харин ч гайхах явдалгүй, лалын шашны суурь үзэл улам бүр газар авч энэ цаг үед хүүхэн хулгайлах төдий зан заншил ёстой наад захын хэрэг болотой. Казах эрчүүд өөрт таалагдсан аль нэг охид бүсгүйчүүдийг төрөл садан, найз нөхөдтэйгөө үгсэн хуйвалдаж хулгайлан авдаг ёстой. Үүнд уг бүсгүйн хүсэл сонирхол ер хамаагүй. Ердөө гудамжинд явж байсан хүүхнийг хүргээд өгье гэж хуурч машинд оруулаад “шуудайнд хийж” авах жишээтэй байдаг аж. Гэнэт хууртсан охин яаж ч тэмцээд, эсэргүүцээд дийлэлгүй хүчинд автаж, бузарлагдаад арга буюу айлын бэр болдог аж. 

Дараа нь хүсэн хүлээсэн залуугийн гэрт авчирсан хойно залуугийн төрөл садангийн нэг эмэгтэй бүсгүйг ятгаж гоёмсог шаглаж оёсон Oрамал гэх нэртэй тусгай алчуур өгнө, хэрвээ бүсгүй уг алчуурыг хүлээн авбал гэрлэхийг зөвшөөрсөн гэж үздэг аж. Харин бүсгүй зөвшөөрөөгүй тохиолдолд нөхцөл байдал хүндрээд явчихна, бүсгүйг хүчээр хорьж цагдан эцэст нь эцэг эх, төрөл садан нь түүнийг хаа байгааг мэдсэний дараа яриа хэлэлцээр хийж эхэлдэг байна. Харин ихэнх тохиолдолд алчуурыг зүгээр л толгой дээр нь хаяад л эхнэр болгож байна.

Эртний энэ ёс заншлийг хялбаршуулсан зарим нэг дүрэм журам байдаг хэдий ч эс тохиолдолд хуулийн хүрээнд шийдэх нь ховор байдаг бөгөөд хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр ч хулгайлах явдал олон байдаг аж. Учир нь хулгайлсан тал инжинд нь асар их мөнгө төлдөг байна. Казахстаны парламентын гишүүд уг явдлыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд хулгайлагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60 хувь, өсвөр насны охидын 74 хувь нь ямар хүнд богтлогдон очиж байгаагаа огт мэдээгүй байдаг гэсэн тоо баримтыг цохон тэмдэглэж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.