
ЭКО, БАЙГАЛИЙН ЦЭВЭР, ФЕРМЕРИЙН, БИОЛОГИЙН ЦЭВЭР болон ОРГАНИК бүтээгдэхүүний ялгаа яг юундаа юм бэ? Хамтдаа учрыг нь олцгооё.
Байгалийн цэвэр - найрлагандаа синтетик үнэр/амт оруулагч (үүнд ванилин г.м. байгалийн үнэр/амттай төстэй нэмэлтүүд багтана), будаг, консервант болон бусад химийн нэмэлт агуулаагүй бүтээгдэхүүнийг хэлнэ. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах/бэлтгэх явцад химийн бордоо, пестицид хэрэглэсэн байх магадлалтай.
Фермерийн - фермерийн аж ахуйд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэлнэ. Энэ нь тухайн аж ахуйд химийн бордоо, пестицид хэрэглээгүй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу.
Экологийн цэвэр – ихээхэн бүрхэг ойлголт бөгөөд үйлдвэрлэгчид өөрсөддөө ашигтай байдлаар тайлбарласаар ирсэн. Үнэн хэрэгтээ “экологийн цэвэр” хэмээх нэр томьёог зөвхөн үйлдвэрлэлийн үйл явцтай холбож хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг экологийн хувьд ээлтэй арга технологиор үйлдвэрлэсэн буюу үйлдвэрлэх явцад байгаль орчинд хохирол учраагүй гэсэн үг болохоос уг бүтээгдэхүүн огт химийн найрлагагүй гэсэн үг огт биш. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим сүлжээний бизнесүүд "Манай бүтээгдэхүүн цэвэр эко, огт химийн найрлагагүй" хэмээн хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа харагддаг.
Органик (скандинавын орнуудад eko, Франц болон Италид bio, Англи болон АНУд organic гэгддэг) – химийн бордоо, пестиицид, ГМО, хүнсний будаг, үнэр/амт оруулагч болон консервантгүйгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайн бүтээгдэхүүнд ордог түүхийн эдийг тариалах/бэлтгэх явцад биологийн цэвэр бордоо (малын баас, биопрепарат, ургамлын ханд г.м.) болон биопестицид хэрэглэдэг байсан гэсэн үг.
Эх сурвалж: Natur-boutique.uа
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.