Хүний зовлонгоор тоглож байгаа эмч нарт арга хэмжээ авах цаг нь ирлээ

Twitter Print
2016 оны 10-р сар 15-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Гэмтлийн эмнэлэгт юу болоод, ямар гамшиг нүүрлэчих вэ. Хагас зуун жилийн түүхтэй улсдаа ганцхан байдаг ГССҮТ-ийн даргын суудлын төлөө манай урдаа барьдаг чадварлаг эмч нар өрсөлдсөн. Гэтэл асуудлын гол нь даргад биш байжээ. Хорооллын эцэст сүндэрлэх гэмтлийн эмнэлгийн байшинд суугаа хэдэн их эмч нар бүх хорыг найруулдаг аж. Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө сурсан мэдсэн бүхнээ дайчилна гэж тангараг өргөсөн цагаан гартнууд луйварчид болжээ. Иргэдийн халаасыг тэмтрэх аргаа ч олсон байна.

Тухайлбал үе солих мэс заслийн нэрийн дор иргэдээс их хэмжээний төлбөр бэлнээр авч, ашиг олдог байв. Хиймэл үе суулгах хагалгаа нь яс нь үйрсэн, зөрсөн, хугарч бутарсан үед хийгддэг аж. Хагалгааг хийхдээ яс бэхжүүлэх төмөр материал хийдэг бөгөөд уг төмрийг хаанаас яаж олохыг өвчтөнүүд нь мэддэггүй гэнэ. Иймд эмч нар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ашиг орлогынхоо эх үүсвэрыг болгодог байна. Гэхдээ энэ хагалгааг дуртай эмч нь хийж чаддаггүй гэнэ. Дээрх мэс ажилбарыг хамгийн анх ГССҮТ-ийн экс дарга С.Отгонгэрэл хийдэг байжээ. Одоо тэрээр тус эмнэлэгтээ зөвлөхөөр ажиллаж байна. Хуучин даргын нэвтрүүлсэн энэ бизнес өнөөдөр хүрээгээ нэлээд тэлжээ. Хагалгаа бүр өөр үнэтэй. Хиймэл үе суулгах мэс засал 3500-4500 ам.доллар, түгжээт хадаас, эрүү нүүрний мэс засал нь 2-5 сая төгрөгийн хооронд хийгддэг аж.

Уг нь эдгээр мэс заслуудыг үнэгүй хийж өгөх учиртай. Зөвхөн дээрх хагалгаануудад зориулж улсын төсвөөс 700 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгодог. Харамсалтай цагаан халадтай, луйвирчид дундаас нь ашиг олсоор өнөөдөр өөрсдийн бизнес болгожээ. Аав, ээж, ах дүүгээ л аварч байвал мөнгө хайрлалгүй өгдөг иргэдийн сэтгэл зүй дээр ийнхүү тоглодог эмч нарын булхай үүгээр дуусахгүй нь бололтой. Тус эмнэлгийн Эрүү нүүрний тасгийн их эмч Баасанжав нэг хагалгааг 3-5 сая төгрөгөөр хийдэг юм байна.

Боломж бололцоо нь байгаа үед эмнэлгийн зүгээс үнэгүй хийж өгдөг энэ хагалгааг дундаас нь мөнгө олох эх үүсвэрээ болгожээ. Тухайн эмчийн зүй бус үйлдлийг баталгаажуулахаар АТГ-ын ажилчид хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн өвчний түүхтэй танилцаж, зарим нэг иргэдээс мэдээлэл авсан. Хэрэв хуулийн дагуу үнэнийг тогтоовол төлбөртэй хагалгаа хийгэсэн иргэд мөнгөө авах ч боломж бүрдэж магадгүй аж.

ГССҮТ-д хийсэн шалгалтын тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг мэдээлэл өгөхдөө “Үе түнхний хагалгааг тус эмнэлгийн нэг давхарт 4500, нөгөө давхарт нь 3600 ам.долларын үнэтэй хийдэг юм байна. Яагаад ингэж хоёр өөр төлбөртэй хийдгийг асуухад нэг эмч нь “Би хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө энэ хагалгааг хийж байна” гэсэн тайлбарыг өгсөн” гэсэн юм.

ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдаг аж. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь улсынх. Засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор үений хагалгаа хийлгэсэн хүнд 5 сая төгрөг буцаан олгогдох журам мөрдөгдөж байгаа. Гэтэл үүнийг зарим эмч нар хувийн бизнес болгон хууль зөрчдөг нь эндээс бэлэхнээ харагдаж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гараваа

      (103.80.211.104) 2019-12-26 11:17
      • 0
      • 0

      Цагаан нөмрөг эгэлдрэглэсэн алуурчид яасан хүний зовлонгоор ханадаггүй шаарнууд вэ. зүй бусын замаар олсон тэр мөнгөндөө хахаж үхнэ дээ. өөрсдөө өнөөдөр биш ч маргааш үр хүүхдүүд нь хахаж үхэх вий. энэ их нүгэл үйлдээд яаж сайхан амьдрах гэсэн юм болоо. нүгэл нүдээр нь гарах өдөр ирнэ дээ. шунал нь шулам болсон новшнууд. цадахгүй юмаа

      Хариулах