Хийн хоолойн талаар хэлэх үг надад байна

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

1997 онд Харвардын их сургууль, МИТ-гийн дундын тэнхимд докторын дараах сургалтанд ирж, маш их унших танилцах материалтай, нэн завгүй номын санд сохойтол суудаг байлаа.

Техник, технологийн салбараас өөр юм гарчиглаж, толгойныхоо эргүүг гаргадаг байв. Олон улсын байдлыг сонирхож уншихад сэтгэлд дотно шаргал цаастай, Английн "Financial Times” сонингийн олон улсын тойм их таалагдана. Олон улсын байдал сонирхох учир шалтаан надад бий. ЗХУ-ын Новосибирск хотын НЭТИ-д тооцоолон бодох машины инженерээр сурч байхдаа тус хотын Коммунист намын төв хорооны дэргэдэх Марксизм Ленинизмын их сургуулийг олон улсын харилцаа, эрх зүйн мэргэжлээр 2 жил оройгоор сурч төгссөн юм.

Коммунист болоогүй ч олон улсын байдлыг онолын үүднээс шинжлэх түвшинд хүрсэн нь мэдээж. Надтай хамт курсын найз Б.Бямбадалай (Франц Монголын аялал жуулчлалын компанийн захирал), С.Отгонбаяр (Туушин компанийн гүйцэтгэх захирал байсан), Б.Наранцэцэг (Датаком компанийн дэд захирал байсан, өөд болсон), доод курсын найз Г.Болдбаатар (Барилгын материал үйлдвэрдэг нэг компанийн захирал) тэр сургуульд бас хамт сурсан билээ. Сонин гарчиглаж суутал Хятадын Ерөнхий сайд Жү Ронжи хийн хоолойн талаар нэг ярилцлага өгсөн байв. Тэрээр Шанхай хотын захирагчаас Ерөнхий сайд болсон их чадалтай нэгэн ажээ. Түүний хэлснийг утгачлаад санаж буйгаа энд хэлье.

"Хийн хоолойг Сибириэс Манжуураар дамжуулан шууд татна, газрын тосны хоолойг Каспиас Казахстан Монгол хоёрын завсарт буй хилийн зурвасаар дамжуулан мөн шууд татна. Монгол улс нутгаараа дайруулж тус хоолойг татуулах сонирхолтой, оросууд энэ саналыг харгалзаж үзээч гэдэг. Газрын тос, хийн хоолой бол стратегийн чухал объект учраас аюулгүй байдал талаасаа тэр бол боломжгүй" гэж товч тодорхой төрийнхөө бодлогыг хэлсэн байлаа. Үүнийг ойлгоход тийм хүнд асуудал биш зүйл болно. Харин манайхан хийн хоолойг Монголоор дамжуулж татна гэж 22 жил улс төр хийлээ. Яг л болчих гээд байгаа юм шиг хий горьдлого төрүүллээ. Урд хөрш өөрийн стратегийн бодлогоосоо ухрахгүй нь 20 гаруй жилийн турш тодорхой хэвээрээ байна. Одоо манайхан эл асуудлаар шоу хийхээ болих хэрэгтэй. Сонгуулийн үеэр эл асуудлыг ахин сөхөж бусдын толгойг эргүүлэхгүй байхыг хүсье!

Хятад зөвхөн ганцхан тохиолдолд хийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой. Тэр нь хийн хоолойг дагуулан цэрэг суулган хамгаалах асуудал юм. Хятадын байнгын арми Монголын нутагт орж ирвэл улс орны тусгаар тогтнол ганхаж, шууд л Хятадын хараат болно биз дээ? Энэ бол ямарч боломжгүй зүйл!

Ш.Баатар

2019.12.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.