Дэлхийн аваргад хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Энэ онд ОХУ-ын Челябинск хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн болсон. 120 гаруй орны шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сориход эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртсэн. Энэ нь Монголын жүдочдын гурав дахь дэлхийн аваргын түрүү байлаа. Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин Г.Болдбаатарын дэлхийн аваргын алтан медальд хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам Булган аймгийн Хангал суманд боллоо.

Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Аварга”  мялаалга наадамд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат болон аймгийн удирдлагууд, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, Хангал сумын нутгийн зөвлөл, Монголын жүдо бөхийн холбоо, залуучуудын байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Мөн дэлхийн аваргын мялаалга наадамд олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй алдартнууд шинэ аваргыг хүндэтгэн очсон байна.

БНМАУ-ын спортын ууган гавъяат мастер Б.Түвдэндорж аваргынхаа хөшөөнд цэцэг өргөж эхэлсэн тус мялаалга наадамд 64 бөх барилдаж, их нас, даага уралдаж хурсан олныг цэнгүүлсэн байна.

ОУХМ Г.Болдбаатар нь Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин бөгөөд түүний амжилтын нэгээхэн хэсэг болсон “Хангарьд”-ынхан  шинэ дэлхийн аваргадаа 3 өрөө орон сууц, 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг, амралт сувиллын зориулалтаар 1 га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөгөөр дэлхийн аваргын алтан медалийг мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.