Нийгмийн талцал хуваагдал газар авсан, гүнзгийрсэн ихэнх хугацаанд МАН төрийн эрхийг барьж байсан байдаг

Twitter Print
2021 оны 04-р сар 26-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Би багадаа бусад хүүхдийн адилаар, их л худлаа ярьдаг хүүхэд байж билээ. Аль нэг үзсэн кино, уншсан номынхоо үйл явдлыг ярихдаа өөр кино, зохиолын сонирхолтой үйл явдлуудаас оруулан бантагнуулж, тэр гэхийн тэмдэггүй юм болгож орхидогсон. Гэхдээ л сонирхолтой байдаг байсан биз, найз нар маань надаар юм яриулах их дуртай байсныг бодоход.

Сүүлд Оросын нутгаар наймаа хийж явахдаа Борис Ельцины газар дээрх ганц найз гэж өөрийгөө танилцуулсан монгол наймаачинтай тааралдаж билээ. Ам ангайхад л “Боря”, хаа нэгтээ наймааны ажлаар Москва орохдоо буудалд буучихвал Боря нь гомдож туниад сүйд болдог л гэнэ, боодол ваучер /өмч хувьчлалын тасалбар/ өгөөд, дуртай үйлдвэрээ хувьчлаад ав гэж гуйгаад байгаа, би яахаа мэдэхгүй гайхаад л байгаа гэхчлэн, улайх нь бүү хэл, ягаарах ч үгүй зална даа. Ярьж байгаадаа сүүлдээ илтэд үнэмшиж, нүд нь гялалзаад л, ойр тойрондоо байгаа монголчуудыгаа бүгдийг нь аваачиж Борятай танилцуулах юм болоод явчихна. Бид ч гэж бид л юм, нөгөөхөө улмаар хатган хөгжөөж, уйтгараа гаргана.

Иймэрхүү хүмүүс ер нь цөөнгүй тааралдана, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй, зурам шиг хулчгар хүүхэд байснаа, өнөөдөр халхын биш гэхэд хотын хэмжээндээ л эргэж явсан атамаан байлаа гэх, Ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглааныг тээр холуур тойрон дөлдөг байсан нэгэн өнөөдөр тэр хөдөлгөөнийг санаачилсан, тэмцэл юуг нь далдаас удирдалцаж, МАХН-ын хорт явуулгуудаас цээжээрээ хамгаалсан гол хүн болчих зэрэг бол бага хэрэг, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бусад орны томчуудтай уулзаж байснаа өөрийнх нь барааг харангуутаа баяр хөөрөөр бялхаж, нөгөө хэдийгээ хаячихаад дэгдээд ирдэг байсан гэх улс төрч хүртэл байх.

Нэг үгээр хэлэхэд, аль нэг зүйлийн үнэн худлыг ухаж суудаг завтай хүмүүс ховордсон болохоор юу ч гээд худлаа хэлчихэж болдог цаг үе ирсэн юмдаг уу даа. Энэ хэмжээндээ тогтдогсон бол ч угтаа хоргүй л юм, гэхдээ би бусдад бас ийм харагдчих вий гэхээс ихэд болгоомжилж, “Өвгөн партизаны яриа” зэрэг дурсамжийн болон улс төрийн үйл ажиллагаанд оролцсон оролцооныхоо тухай сэвэх шаардлага гарах бүрт үүнийг санаж, үгээ цэгнэдэг бөгөөд, асуудал гарвал араас нь дагуулах баримт, харсан, сонссон хүний нэрийг гаргаад тавихад бэлэн жижүүрлүүлдэг дадалтай болчихсон. Мэдээж, уран сайхны боловсруулалт гэж юманд захирагдаад, бичиж байгаагаа амттай, сонирхолтой болгох үүднээс чимх ямх чихэр, чинжүү хийчих бол бий бий.

Гэхдээ гол асуудал бол ийнхүү худал хэлэх нь өнөөх хоргүй, цайлган чанараа нэгэнт гээж, өнөөгийн нийгэм, улс төр, төрийн үйл ажиллагааны гол аргачлалуудын нэг болж хувираад байгаад л байгаа юм. Анх нэр дэвшигчээс болон намуудаас сонгогчид руу чиглэсэн худал амлалтаар салхилдаг байснаа одоо бүр бүх л салбарыг хамарсан, үнэн худлын аль нь болохыг хэнбугай ч авсаар ялгахын аргагүй шуурга болж хувирлаа.

АН-ын С.Эрдэнэ, Туваан хоёрыг хар л даа, тус тусад нь сонсвол өөлөөд байх юмгүй, хоёулаа л үндэслэлтэй бөгөөд үнэн яриад байгаа мэт. Гэтэл үнэн гэдэг ганц юм болохоор аль нэг нь худлаа яриад байгаа болж таараад байдаг, чухам хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг яаж ялгаж салгах вэ? ЖДҮ сангийн асуудалд, “Оюу толгой”-н гэрээний асуудалд, “Капитал” банкийн дампууралд холбогдсон бултаар гэм зэмгүй явж байгаад улс төрийн өрсөлдөгчийнхөө урхинд орж, хэлмэгдэж байгаагаа, үнэнхүү үнэмшилтэйгээр ярьж, уруул өмөлзүүлнэ. Гадаадад гарчихаад ирж чадахгүй байгаа Ерөнхий сайд асан Сайханбилэгийн илгээлтүүдийг сонсохоор самсаа шархирч, өр өмөрнө. Төрийн сан, ажиллаж байсан газраасаа гадаадад сурах хүүхдийнхээ төлбөрийг гаргуулсан тэрбумтан, сайдууд “Юу нь болохгүй болчихоо вэ? Би ч бас Дэнжийн мянгынхантай адилхан л эрхтэй иргэн шүү дээ?” гэхээр нь “Нээрээ ч тийм дээ, ямар сайд тэрбумтан гээд эрхийг нь хасаад байлтай нь биш” гэсэн өрөвч бодол эрхгүй ороод ирнэ. Болдогсон бол аль аль талд нь зөвийг өгөөд л асуудлыг орхичихмоор боловч цаана нь онгойж харлаад үлдэж байгаа төсвийг бодохоор яалтай. Тиймээс хүн бүр чадах чадахаараа л сонголтоо хийнэ, зарим нь төр, засгийн томчуудын байр суурийг тандана, зарим нь намынхаа удирдлагын байр суурийг харна, эсхүл өмнөх сонгуулийн үеэр өөртэй нь гар барьсан УИХ-ын гишүүн юу гэхийг чих тавин чагнана. Бүр болохгүй бол нэртэй зохиолч, дуучин, нутгийн бөх энэ асуудлаар үг дуугарсан эсэхийг судалж сурвалжилна. Өнөөгийн манай нийгэм чулуун дээр унасан гангар шаазан шиг, эвлүүлж нааж барамгүйгээр дайсагналцсан олон хэсэгт хуваагдсаны гол учир энд бий.

Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг татан буулгах захирамж гаргажээ. Гэтэл үүнийг, хэдийнэ байхгүй болсон, талцаж хуваагдсан ард түмний “эв нэгдлийг хагалан бутаргах, талцуулах үйл ажиллагаа” гэж нэрлээд эхлэв. Эндээс ерөөс, “ард түмний эв нэгдэл” гэж юуг ойлгоод байгааг харахад бас л их сонин. Мөн чанартаа бол нийгэмд болж бүтэж байгаа юм бараг л байхгүй болж байгааг бүгд л харж байна, 60 тэрбум, “Эрдэнэт”, “Оюу толгой”, ДЭМБ-ын цар тахалтай тэмцэхэд зориулж өгсөн мөнгө, дэлхийн улс орнуудын дотор цар цахалтай хамгийн амжилттай тэмцэж байгаа орнуудын тооноос ганцхан сарын дотор ухарч 10.000 хүнд ногдох нэг өдрийн халдварлалтаараа дэлхийд тэргүүлж эхэлсэн, энэ бүхэнд МАН-тай шууд болон шууд бусаар холбогдох зүйл цөөнгүй бий гэдгийг улаан фенүүд нь ч үгүйсгэж чаддаггүй. Нийгмийн талцал хуваагдал газар авсан, гүнзгийрсэн ихэнх хугацаанд МАН төрийн эрхийг барьж байсан байдаг.

Ерөнхийлөгчийн захирамж үүнийг багасгахад хувь нэмрээ хэр оруулахыг хэлж мэдэхгүй, гэхдээ ямар ч гэсэн одоогоор болд мэт бат, болор мэт тунгалаг байгаа эв нэгдэлд цав суулгахаар лантуу далайсан асуудал гэж тайлбарлах нь үнэнээс хэт хол зөрөх мэт. Еөк хичнээн ч эрх мэдэлтэй байлаа гэсэн, бүхэл бүтэн ард түмний эв нэгдлийг ганцхан захирамжаар хага бут ниргэх чадал үнэхээр хүрэхгүй, ард түмний эв нэгдэл гэдэг хэзээ ч тийм хэврэг байдаггүй юм.Үзтэл “ард түмний эв нэгдэл” гэдгийн цаана буруутныг буруушаахыг хориглох агуулга нуугдаад байх шиг.

Өөрөөр хэлбэл, эрх баригчдын бурууг нээж, булхайг уудлах нь “ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах, талцуулах үйлдэл” гэж томъёологдох болох нь. Үгүй шүү, буруутайг буруу гэж хэлснээр ард түмний эв нэгдэл хагардаггүй юм. Эв нэгдлийг хагалсан, ард түмнийг талцуулсан буруутныг МАН өөрсдөөсөө хайх нь зөв.

Юуны өмнө ашиг сонирхолдоо нийцүүлэн үнэнийг худал, худлыг үнэн болгож, амны зоргоороо ард түмний толгойг эргүүлж, эргэлзүүлсэн олон долоон тайлбаруудаа тавихаа больчих, олон жил дуншаад байгаа ЖДҮ-ийн, 60 тэрбумын, “Оюу толгойн”, оффшорын асуудлуудыг тас хийтэл нь нэг талд нь гаргаад шийдчих, буруутнуудаас хохирлыг нь зоригтойхон шахаж гаргаад улсаа хохиролгүй болгочих, Өөрөөр хэлбэл иймэрхүү асуудал дээр нэг мөр, хатуу байр суурьтай болчих, ингэвэл ёстой жинхэнэ утгаараа ард түмний эв нэгдлийг хагалан бутрахаас сэргийлсэн, хамгаалсан, бэхжүүлсэн арга хэмжээ болно.

Өнөөдөр Баттулгаас “ард түмний эв нэгдэл” гэгч, одоо байхгүй болсон юмыг хамгаалах дүрэм үзүүлж сүржигнэхээс өмнө, эхлээд тэр эв нэгдлийг бодитойгоор бий болгох шаардлага давын өмнө тулаад байгааг харахгүй л байна уу?

Чимэдийн Энхээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.