Энэ цаг дор бидэнд чухал авралыг эрэн сурвалжлахуй

Twitter Print
2016 оны 12-р сар 15-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Хүний амьдрал, заяа тавилан бурханаас хүртсэн хишиг буянаас шалтгаалдаг гэдэг. Гэтэл үүнийг бас үгүйсгэх хүн ч олдоно. Эзэн хичээвэл, заяа хичээнэ, тэр шашин шүтлэг, бөө удган гэдэг чинь нэмэр болохгүй, цаашаа гэх шашингүй үзэлтэй (атеист) хүмүүс ч таардаг. Амьдрал юм хойно доо, ад нь ч бий, бурхан бумба нь ч бас байдаг биз. Харин сүүлийн үед залуус харь зүгийн тэрс шашин шүтлэгт татагдах болсоор... Залуус гэлтгүй, хөгшин хөвөө насны хүмүүс ч хаа нэг тааралдахдаа, Христийн шашны чуулганд явдаг болсон, эхлээд амьдралд жаахан нэмэртэй юм гэж боддог байсан чинь тэр ярьж байгаа юм нь их үнэмшилтэй санагдаад Их эзнийг шүтдэг болсон гэх яриа чих дэлсэх нь энүүхэнд болсондоо хөөрхий. Гэтэл өнөө их Христийн шүтлэгтнүүд амьдрал, ажил үйлс нь доройтох, үхэл хагацал ирэхийн цагт гарцаагүй л ламаа дуудах хэрэг гардаг аж. Ёстой эцсийн мөчид толгой дээрээ хонхны дуутай үхье гэдгийн үлгэр болдог ажгуу. Хүмүүний амьдралын энэ мэт явдал учир, Бурханы шашны мөн чанарын талаар Гармаа Гаржид Үржин Пэрэнлайнлин хийдийн тэргүүн, Буддын гүн ухааны гэвш Диваасамбуугийн Тайвансайхантай хөөрөлдөв.

Тайвансайхан ламтаныг Холливудын алдарт од Стивен Сигалын лам ч гэж ярьдаг. Сигалын хамт тэрээр дэлхийн олон орноор аялж буяны ажил хийж явсан, гурван жил гаран үргэлжилсэн тэр их аяны дараа улааны урсгалын Гарма Гаржид Vржин Пэрэнлайлин хэмээх хийд байгуулсан хүн.

-Улааны урсгал гэхээр манайхан төдийлөн ойлгодоггүй, Шарын шашин чинь бас өөр урсгалтай байдаг юм уу гэж залуучууд бүр гайхна шүү дээ?

-Буддын шашны Нямаба, Гармаба, Сажаба, Гэлүгба гээд дөрвөн том урсгал байдаг. Эхний гурав нь улааны урсгал. Хамгийн сvvлийнх нь шарын урсгал юм. Улаан, шар хоёр нь өөр өөр урсгал хэдий боловч хоорондоо харшилдахгvй. Улааны шашин нь тарнийг тоолж бясалгал хийснээр асар тvргэн хvчийг хvргэдэг. Шарын шашин бол судар номыг уншиж бясалган олон тvмэнд өгөөж тусаа өгдөг урсгал.

-Таны бүтээн цогцлоосон хийд харин аль урсгалынх нь вэ?

-Бурхны шашны дөрвөн том урсгалын хоёр дахь нь Гармаба юм. Монголд 1254 онд их хаан Мөнх Төвдийн Гармаба улааны шашны урсгалын хоёрдугаар Гармаба Чойжи ламыг залж авчирсан. Энэ vеэс монголчууд анх улааны шашинтай болсон тvvхтэй. Тvvнээс хойш 754 жилийн нvvрийг vзэж байна. Тухайн vед төрийн хаан эзэн өөрийнхөө багшаар Гармаба ламыг залж, Тvвдийн эзлэгдсэн 13 мужыг энэ ламд буцаан өгч байсан талаар тvvхэн сурвалж бичигт байдаг юм. Энэ урсгалыг өнөө хvртэл таслалгvй авч ирсэн хvн бол Гандантэгчинлэн хийдийн цорж лам Диваасамбуу гэж хvн байгаа. Миний аав, номын багш маань юм. Энэ хvн Мөнх хаанаас уламжлаад монголчууд уншиж ирсэн номыг яг тэр жаяг дэгээр нь өдий хvртэл уншиж авч ирсэн цорын ганц хvн.

-Аливаа үйлсэд хөтлөх хүний зам мөр гэж нэг чухал зүйл байдаг. Таны зам мөрийг харин аав тань гаргаж өгсөн бололтой?

-Миний ээж, аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул. Би хар багадаа ээжээсээ өнчирч хоцорсон. Ээж минь лам хүний эхнэр болохоор уншлага номтой, 49-нийхөө жилийг давчихвал сайхан болно гэж өөдрөг сэтгэлтэй явдаг байсан. Харамсалтай нь 49 насныхаа босгыг давж чадаагүй. Ээжээсээ хойш эмэгтэй хүн гэлтгүй хэнийг ч баярлуулахыг хичээж, өглөгийг дээдэлж ирсэн. Оюутан байхад миний халаасанд байнга чихэр, бохь байдаг байлаа. Лам болсноос хойш би утлага, рашаан байхгүй бол айлд ордоггүй, зорьсон хүнтэйгээ уулзаж чаддаггүй болсон. Хөгшин настай хүн, ядарсан эмэгтэйчүүдэд тусалж, хүссэн номыг нь уншаад өгдөг. Өглөг, буяны зам мөрт орсных энэ дадлыг олж авсан байх. Сэтгэлийн болоод буяны, эдийн өглөгийг аль болох таслахгүйг хичээдэг. Бурхны номд өглөг бүү тасал гэсэн гайхамшигтай сургааль ч бий. Тэр дагуу байна. 

Манай хийд 2005 онд байгуулагдсан цагаас өглөг, буяныг таслаагүй. Миний аав 1932 онд зургаан настайгаасаа лам дээл өмссөнөөс хойш өнөөг хүртэл 80 орчим жил шашны үйл хэрэгт зүтгэж яваа гавьяатай, буянтай буурал. Надад бурхны ном заасан анхны багш бол аав минь юм. Тиймээс аавыгаа хайрлаад зогсохгүй  номын багшаа гэж  хүндэтгэдэг. Гандантэгчинлэн хийд анх  байгуулагдахад нутгаасаа тээж ирсэн таван тэрэг ном, судраа хандивлаж, шашны сургуулийг  үүс­гэн байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гээд бүхий л гол ажлыг нь нугалалцаж ирснийг олон хүн мэднэ. 

-Тэр үеийн гандан хийд зөвхөн шарын шашны уншлага, номлолтой байсан биз, харин таны аав уншлагаа таслалгүй авч ирээд зогсохгүй, таныг мөн шашин номд хөтөлдөг?

-1979 онд нэг орой бvрэнхийгээр аав маань намайг дагуулан явж, гайхамшигт увидаст Дамба гэсгvй багшид шавь оруулсан. Тэр vед надад бурхан ном заагаагvй л дээ. Яагаад гэхээр Бурхны шашныг 18 нас хvрээгvй хvvхдэд зааж болохгvй Vндсэн хуулийн заалт байсан. Аав маань хэлмэгдvvллийг биеэрээ vзсэн хvн болохоор хуулиа их барина. Намайг есдvгээр ангид байхад шашны сургуульд элсэлт авсан байсан. Шашны сургуульд таван жил болоод нэг удаа элсэлт авдаг байлаа. Би дараагийн элсэлтийг хvлээхийн тулд эхний гурван жилд цэрэгт явсан. Халагдаж ирээд нэг жил ажиллаж байгаад Шашны дээд сургуульд шалгалт өгч элссэн. 1992 онд сургуулиа төгсөөд Гандангийн болон Чойрын гvн ухааны дацанд багшилсан. Дараа нь Шашны дунд сургуульд багшилж байсан. 

Одоо энэ цагт харин ард олныхоо сайн сайханы төлөө л сэтгэлж чилж явна даа. Хүний амьдрал ахуйд туслахын тулд эдийн болоод, номын, сэтгэлийн өглөгийг дээдэлж ирлээ. Дэлхий дээрх хамгийн том өглөг бол номын өглөг байдаг. Дараа нь сэтгэлийн, эдийн өглөг ордог. Энэ бvхнийг уламжлалаар нь сэргээхийг зорьж байна. Бид мөн шашны тvvх, соёлын холбогдолтой гарч байгаа ном судар болон бvхий л vйл явдлыг тухай ард тvмэндээ тайлбарлан таниулах, эрдэмтэн мэргэд, багш нараараа лекц уншуулах, тvвд, англи хэлний үнэгvй сургалт явуулах гэх мэт олон зорилго тавьж ажиллаж байна даа.

-Улааны шашны урсгалд тарни тоолж хvчийг олдог гэдэг, номын хvчээр ийм чадвартай болоход их л нямба барих шаардлагатай байх даа?

-Урд насны vйлийн vрээр ийм чадалтай төрсөн хувилгаад олон. Мөн хvн их буянтай бол цаанаасаа тодорч гарна. Vvнээс гадна тарни тоолоод хvчтэй болж болдог. Буянтай хvн нэгэн агшинд тэр хvчийг олж болно. Аливаа эрдмээ нууж байдаг бурхны шашны номлол, vзэл номлол байна л даа. Цаг нь болоогvй бол гаргадаггvй юм ч байна. 

-Хүн өөрийн буян заяагаа бурхандаа даатгаж, сүлд хийморио өргөхийн тулд гал голомтоо юун түрүүнд тахих ёстой гэдэг. Гэтэл болохгүй, бүтэхгүй бүхний шалтгааныг өөрөөсөө хайна гэхээсээ гарч гүйгээд энэ тэндхийн уул ус тахиад байдаг нь хэр зөв үйл юм бол?  

-Энэ ч харин бидэнд засаж залруулмаар ухвар мөчид асуудал шүү дээ. Уламжлал, заншлынхаа дагуу судар номоо өнгийж харах хэрэгтэй. Сар шинийн дараа лусын буулт, овоо тахидаг өдрүүд бий. Тэдгээр өдөр л тахих ёстой. Сүүлийн үед бөө нар хамаагүй тахих үзэгдэл ажиг­­лагдаад байгаа. Тэд ч ялгаагүй өдөр, судраа харж байгаасай. Энэ нь тухайн тахилгад оролцож буй хү­мүүст ч хамаатай. Энгийнээр хэлэхэд, хүн хүлээж авахгүй гэж байхад галзуу мэт хаалга үүдийг нь нүдээд байвал хэнд ч таатай санагддаггүй шүү дээ. Түүн­тэй  адил лус амарч, унтаж байгаа үед нь сэрээж, хин­шүү хярвас тавих нь айл­гаж, тэвдүүлж буй хэрэг. Тиймээс буян болох нь бүү хэл, тухайн газар орны лусыг хилэгнүүлэх нь гарцаагүй.

Мөн лусад зохимжтой идээ, ундаа гэж бий. Тэр нь уншлага, номтой хөгждөг. Бидний хэлж заншсанаар сэржим ч ялгаагүй. Номын хүчээр хувилгаж өргөснөөр алтан өргөл болдог. Түүнээс хүн  бүр  архи руугаа шив­шээд өргөх нь буруу үйл. Архинд шивших байтугай амьсгалаа ч оруулах ёсгүй. Хэдийгээр өглөг гэдэг дээд буян ч хаа сайгүй идээ, цагаа цацах нь ч зөв үйл биш. Мөн зарим хүн уул, усаа тахисан нэр зүүчихээд лустаа өргөхгүй буцаагаад аваад явж байгаа харагдах болсон. Энэ нь баярлуулах бус, гомдоож буй хэлбэр.

-Бурхны шашин номыг үл тоомсорлох хүмүүс багагүй байдаг. Ийм явдал бас хойчдоо гэм нүгэл болно биз?

-Өнөөгийн ард олон үр хүүхдийнхээ боловсролд ихээхэн анхаарах болсон. Мөнгө л байвал хаа ч ямар ч боловсрол эзэмшиж болно. АНУ-д хэлний өндөр чадвартай ч гэх юм уу, Англид эдийн засгийн гээд боловсролыг бол хангалттай олж авч байна. Эцэг эхчүүд энэ тал дээр анхаарч байгаа боловч хүмүүжлийг нь орхигдуулаад байна. Огт хүмүүжил алга. Баруунд бол нэг эмнэлэгт очоод үзүүлэхэд “Та ямар шашин шүтдэг вэ” л гэнэ. Тэгээд шашин шүтдэггүй гэвэл тэр хүнийг анхаарч үздэггүй. Учир нь шашин шүтдэггүй хүн юу ч хийж мэднэ гэж үздэг.

-Эцэг эхчүүд өөрсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ зам мөрийг засаж, цагаан сарын дараа хийдэд очиж ном уншуулсан болоод тэр жилийнх нь заяа буянг  даатгасан гэж бодоод орхидог явдал түгээмэл мэт. Гэтэл үнэндээ чин сэтгэлээсээ сүжиглэж буян номын мөр хөөх гэдэг өөр асуудал биз?

-Бид од, гараг, эрхэстэй шүтэн барилдлагатай байдаг. Хүн гэдэг уул, усны үр. Тиймээс байгальтай шууд холбоотой. Хүүхдийг 19, 25, 29 нас хүрэхэд нь заавал засал хийлгэж байх учиртай. Амьдарлынх зам мөр, заяа буян тэгшилж байгаа нь энэ юм. Жилийн засал хийлгэх нь хүнийг эрсдэлээс хамгаалахад тустай. Надаас нэг хүн асуудаг. Ламын даатгал, эд хөрөнгийн даатгал хоёр юугаараа ялгаатай вэ гэж. Эд хөрөнгийн даатгал нөхөн төлбөр өгнө. Гэхдээ байшин шатсаны дараа нөхөн төлбөр өгдөг. Харин бурхны даатгал шатахаас нь өмнө хамгаална.

-Нийгэм, цаг төрийн аясаар өнөөдөр олонхи хүмүүс сэтгэл санаа будангуйрч, хамаа замбараагүй хэв маягтай амьдарч байна. Үүнээс шалтгаалаад цаг бусын үхэл олон болсон санагдах юм? 

-Миний хамгийн том эмзэглэл бол цаг бусын үхэл. Хүмүүс амь насаа хайрлахгүй байна. Улс орон, төр засаг ч хүнийхээ амийг хайхрахгүй байна. Төрөлтөөс болсон, буруу жирэмслэлт, авто ослоос болж их үхэх юм. Хамарын хийдийг зорьж яваад хүмүүс осолдлоо л гэнэ. Тэр сайхан газар нутагт очиж энерги солилцож, амьдралаа өөд  нь татья гэсэн сайхан сэтгэлээр зорьж яваад амиа алдаж байгаа хүмүүс харамсалтай байгаа биз.

Жил орсон хүн гэнэтийн осолд өртөж, үхэл дуудах гээд байдаг. Үүнийг насны цөв гэдэг. Тиймээс жилийн засал нь тухайн хүнийг бүхнээс аварч, хамгаалах учиртай. Засал гэдгийг надад хэрэгтэй зүйл гэж ойлгох ёстой. Түүнээс биш би заслаа хийлгээгүй гэж шаналж, эсвэл үүнийг дарамт мэтээр хүлээж авах хэрэггүй. Монголчуудын дунд «Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй» гэж нэг муухай үг бий. Энэ үгний гол утга нь мунхаг бай гэж байгаа юм. Мунхаг байх нь алдаа бүхний эхлэл болдог.
Хүний биеийг олсных урт, удаан, жаргалтай амьдрах ёстой. Гэтэл хэрэггүй муу зүйлсээр амьдралаа дүүргэж, хүний мөн чанарыг бүдгэрүүлэх нь байж болшгүй үйл. Тиймээс сайн сайхны төлөө хийх зүйлийг бүү алгасаарай гэмээр байна.

-Өнөөгийн энэ нийгэмд бухимдал төрүүлэх явдал олон болж, тиймээс зарим үед тарни тоолох юм уу, бясалгах зэргээр жаахан ч атугай сэтгэлээ тайтгаруулах арга юу байдаг бол?

-Эрих эргүүлэх л арга байна даа. Зүгээр сууж кино үзэхийнхээ хажуугаар эрих эргүүлэх хэрэгтэй. Учир нь эрих эргүүлэх явцад хүний мэдрэл, тархи цочирч, цусны эргэлт сайжирдаг. Мөн урьд нь санаатай болон санамсаргүй хийсэн нь нүглийг нимгэлдэг. Ялангуяа бие, хэл, сэтгэлээр хийсэн гэм багасна гэдэг. Ер нь нэг удаа «Ум ма ни бад ми хум» гэхэд л төөрсөн сүнс, төрлөө олоогүй амьтныг сайн төрөлд оруулдаг ачтай. Түүнээс гадна эрих эргүүлэх нь зүрхний хэмийг хэвийн  байлгахад тустай гэдгийг анагаах ухаан ч нотолсон. Зүрх удаан цохилж байвал хурдан эргүүлж, хурдасвал удаан эргүүлж тэнцвэржүүлдэг. Барууны орнуудад хөгшид нь зөнөг залгах нь хялбар байдаг. Гэтэл Монголын буурлууд бие нь хөгширсөн ч ухаан саруул байдаг нь эрих эргүүлдэгтэй холбоотой.

-Баярлалаа танд. Ярилцлагынхаа төгсгөлд Таниас нэг зүйлийг тодруулъя гэж санасан юм. Таныг Америкийн кино од Стиван Сигалын лам гэх мэдээлэл дуулддаг?

-Энэ хvнтэй би тасралтгvй 10-аад жил хамтарч ажиллаж байна даа. Миний олж мэдсэнээр энэ хvн бол маш өгөөмөр сэтгэлтэй. Өвчин зовлонд нэрвэгдсэн ядарсан хvмvvс тус болж явдаг хvн. Өмнөд Афиркт ДОХ-той хvvхдvvдэд хандив тусламж өгч байсан бол Японд явж байхад Япончууд олон зуугаараа ирж Буддын шашны ном сургаалийг нь сонсч байсан. Хаа ч явсан энэ хvнийг мэдэхгvй хvн гэж байхгvй, бvгд л хvндэлж дээдэлдэг юм билээ. Стивен Сигал өөрийгөө монгол угсаатай гэж ярьдаг. Эмээ, өвөө нь Хиагт хавиар нутаглаж байсан гэдэг. Нэр цуутай хvн болохоор индианчууд, америкчууд манай хvн гэнэ. Японд хэсэг хугацаанд амьдарч байсан болохоор нь япончууд ч манайх гэдэг. Манайхан ч гэсэн тvvний Чингис хааны талаар кино хийнэ гэсэн сайхан сэтгэлийг нь дэмжих хэрэгтэй гэж боддог. 

- За баярлалаа, танд. Монгол түмэн энх жаргаж, мөнх оршихийн авшиг ерөөлийг танд даатгая!

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.