
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг шүүхээс 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн 1 жилийн хорих ял оноожээ.
66 настай Н. Саркози 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн 10 сая еврогоор давсан мөнгө зарцуулсан нь тогтоогдсон байна.
Тэрээр хорих ялаа гэрийн хорионд эдлэх боломжтой ба цагдаа нар түүний хөдөлгөөнийг цахилгаан бугуйвчны тусламжтайгаар хянах аж.
Прокуроруудын мэдэгдсэнээр Ерөнхийлөгч асан Н. Саркозигийн нам Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд 22.5 сая евро зарцуулснаа нуух зорилгоор Пи-Ар компани хөлсөлсөн аж.
Шүүхээс Н. Саркози кампанит ажилтай холбоотой дээрх луйврын талаар сайн мэдээгүй байж болох ч сонгуулийн кампанит ажлынх нь санхүүжилт хэтэрснийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй гэж үзжээ. Ерөнхийлөгч асан Н. Саркози шүүхийн шийдвэрийг "шудрага бус" хэмээн тодорхойлж, үүнтэй эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгджээ. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр Н. Саркози шүүхийн шийдвэрийг давж заалдах аж.
Н. Саркозигийн хувьд энэ нь шүүхээс авч буй хоёр дахь 1 жилийн ял юм. Өнгөрсөн 3-р сард шүүхээс түүнийг авилга авсан, албан тушаала урвуулан ашигласан хэрэгт буруутган 1 жилийн хорих ял оноосон билээ.
Н. Саркозигийн өмгөөлөгчид шүүхийн уг шийдвэрийг давж заалдах шатандаа явж байгаа учраас Н. Саркози хорих ялаа эдэлж эхлээгүй байгаа аж.
Н. Саркози 2007-2012 он хүртэл Францын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан ба 2012 оны сонгуулиар өрсөлдөгч Франсуа Олландад ялагдсан юм. 2012 оны сонгуулиас хойш түүнийг хэд хэдэн хэрэгт буруутган, шалгаж эхэлсэн билээ
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn