Хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Twitter Print
2013 оны 11-р сар 25-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ны өдөр болж, таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төслийг хэлэлцлээ.
Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа.
“Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн тоо 108 071 гэж бүртгэгдсэнээс харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16631, ярианы хөгжлийн бэрхшээлтэй 5999, Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 126333, Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн 31265, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 20898, бусад 20645 иргэн тоологджээ. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 37404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тодорхой хууль байдаг ч төдийлөн биелэлээ олж, тэдэнд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй байгаа юм. Ялангуяа нийтийн тээврийн болон орчны дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас хамааран нийгмийн үйлчилгээ авах, өдөр тутмын амьдралд оролцоход ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэс дараатай арга хэмжээ нь нийгмийн амьдралд идэвхтэй оролцож амьжиргаагаа залгуулж яваа тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй жолооч иргэдийн хувьд хүндээр тусч байгаа талаар иргэд гомдол, хүсэлт ирүүлсэн. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд автомат буюу гар удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд улсын дугаарын хязгаарлалтгүйгээр оролцуулах журам боловсрууллаа. Энэхүү журам батлагдсанаар зөвхөн замын хөдөлгөөнд улсын дугаарын хязгаарлалтгүй оролцохоос гадна жолооны курсэд суралцах эрхийг нь хангах юм. Өнөөдрийн байдлаар “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв” ТББ-ын гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд автомат буюу гар удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй тулгуур эрхтэний бэрхшээл бүхий 40 орчим иргэн байгаа юм” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ онцгойлон дэмжих хэрэгтэй. Нийтийн тээврээр саадгүй зорчиход тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд орчны дэд бүтцийн асуудлыг шийдэх талаар цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга А/690 тоот захирамж гаргасан” гэж онцлоод дээрх журмыг дэмжиж, нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.