Баянхошуунаас Хороолол хүртэл дүүжин тээврээр 16 минут зорчдог болно

Twitter Print
2019 оны 12-р сар 25-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой гурвсан төслийг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргажээ.

1. Дүүжин зам

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод  анхны агаарын дүүжин замыг 82 жилийн туршлагатай, дэлхийд батлагдсан технологитой Францын ПОМА компани барьж байгуулахаар ярьж байгаа юм. Агаарын дүүжин тээврийн замыг маш богино хугацаанд барьдгаараа онцлогтой юм байна. Улаанбаатар хотод барих хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. Агаарын зам нь 100 хувь цахилгаанаар ажиллах бөгөөд классик хөдөлгүүртэй учраас маш бага эрчим хүч зарцуулна гэдгийг тодотгосон. Улаанбаатар хотын хувьд байгаль орчинд ээлтэй анхны тээврийн хэрэгсэл болно гэж тооцож байгаа ажээ.

2. “Цахилгаан соронзон тээвэр төсөл

Уг төслийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

3. Тусгай замын автобус BRT

Тусгай замын автобусыг  2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.