Магваны Эрдэнэбат - Эхийн сэтгэл /Өгүүллэг/

Twitter Print
2023 оны 01-р сар 18-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

“ЭХИЙН СЭТГЭЛ” /өгүүллэг/

Цас малгайлан орсоор л байлаа. Энэ цаснаас болсон уу бүү мэд, машин тэрэгний түгжрээ хэрээс хэтэрлээ. Хаа сайгүй дуу дохиогоо хангинуулсан машин тэрэг шаваастай. Хотын гудамжинд улаан гэрлээ улалзуулсан машины цуваа хаа сайгүй түгжирчээ. Яг ийм үед хорвоо дэлхий ямар давчуу санагддаг гээч.

Хонгороо хог хийж түрдэг ногоон сав, шар хантаазтайгаа өдөржин гудманд түгдгэнэлээ. Цас цэвэрлээд ч шальсангүй. Угаас цэвэрлээд ч яах юм билээ. Нэмээд ороод, нэмээд ороод байгаа юм чинь. Энэ их урт гудмуудыг яая даа гэж бодох. Маргааш өглөө үүр шөнийн заагаас эхлээд энэ их цастай үзэж тарна даа гэж сэтгэл шулуудна. Дэмий л машин тэрэгнийхээ цонхоор хүмүүсийн хаях ганц нэг тамхины иш, чихрийн цаас, бохины хайрцаг зэргийг цасанд даруулахаас нь урьтаж хамсан болж өдрийг өнгөрүүлэв.

Үнэндээ Хонгороод ажил хийх боломж ч байсангүй, хүсэл ч төрсөнгүй. Амралтын өдөр тул гэртээ үлдээсэн хоёр хүүдээ санаа зовсоор байлаа. Цас ороод хүйтрээд байдаг. Хоёр хүү маань гутал, хувцас муутай яана даа. Өнөөдөр бас л идэх юмгүй үлдсэн. Жоохон гурил зуураад гамбир ч болов хайраад идэхээ мэдэх байгаа даа гэж бодов. Өөрийнх нь энэ муу ажлын гутал ч халаа сэлгээ нэхэж буй бололтой дороос чийг татаад нэг л биш. Одоо хэдхэн хоног гүрийвэл цалингийн бараа харна. Ямар ч гэсэн энэ сар хоёр хүүдээ өвлийн гутал авч өгнө. Тэгээд үлдсэн мөнгөөр нь хоол ундаа залгуулна даа гэж бодлоо. Ингэж бодож яваад нэг машинд шүүрээ бараг дайруулах дөхлөө.

–“Чи түгжирч ядаж байхад хөдөлгөөнд битгий саад болоод байгаач, ороод байгаа энэ их цасыг чи яаж цэвэрлэж барах юм. Худлаа ажил хийсэн дүр үзүүлээд...” гэж хэн нэгэн омогдов. Жолоочийн хэлсэн энэ үг түүний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчээ. Ингэж тэгсээр байгаад өдөр өнгөрөх нь тэр. Хонгороо багадаа гэрийнхээ цасыг унагах их дуртай хүүхэд байж билээ. Гэтэл одоо их хотын гудамжны цас арилгаж, хог шүүрддэг хүн болжээ. Энийг одоо мэргэжил гэх нь хаашаа юм хувь тавилан л юм биз дээ. Түүний амьдрал бусдын л адил сайхан эхэлсэн. Ангийнхаа нэг хүүтэй сууж хурим найр хийж сумандаа сайхан л амьдарч байсан. Гэтэл талийгч нөхөр нь гэв гэнэт юу хатгасан юм хотод очиж ажиллаж амьдаръя, энэ хөдөө бөглүү газар олигтой ажил олдохгүй юм, айлд байгаа мал өсдөггүй гэж үнэн юм байна гэсээр цөөн хэдэн малаа зараад хот бараадсан түүхтэй. Гэтэл юу болов амьдарсан ч юмгүй эр нөхөр нь амьдралаас буцжээ. Ёстой юу ч гэхэв дээ. Хаа байгаа мянган бээрийн газраас нүүж ирээд улаан нялзрай хоёр хүүхэдтэйгээ түм түжигнэж бум бужигнасан хот хүрээ газар орхиод тэнгэрийн орноо одсон тэр залууд гомдох ч хаашаа, гомдохгүй гэх ч хаашаа. Гэхдээ хүний дайтай амьдрах хүсэл дүүрэн халуун сэтгэлийг нь мэддэг байсан ханийнх нь хувьд хайрлахгүй байхын аргагүй. Санан дурсаж, халуун нулимсаа урсган урсган багтравч хорвоогийн жамыг яалтайв дээ.

Харин хаа ч очиж Хонгороо энэ бүхнийг эрэгцүүлэн бодож ийм ч байх ёстой, тийм ч байвал сайхан гэж оройгүй хүсэл, ёроолгүй шуналд автаж өөрийгөө зовоогоод байдаггүй. Зөвхөн энэ амьдрал ийм л байсан ийм л байна гэж хувь заяатайгаа эвлэрсэн хүлцэнгүй хүүхэн учраас өөрийгөө болоод өрөөлийг зовоох нь бага билээ. Түүнээс хүний хүсэл, шунал барагдах бишдээ. Тэр элдэв юм бодолгүй үхсэнээс үлдсэн юм гэж хоёр хүүхдийнхээ төлөө амьдарч явдаг нэгэн. Оройхон гэртээ ирвэл хоёр хүү нь бас ч гэж аяга хоол хийгчээ аядаж ээжийгээ гал хөстэй угтлаа. Хийгээд гавьсан ажилгүй хэрнээ тэр өдөр Хонгороо толгойгоо даахгүй болтлоо ядарчээ. Учир нь ирэх өдрүүдийн дуусаж дундаршгүй ажил хөдөлмөр энэ цастай хамт малгайлан орж байгаагаар төсөөлөгдөж маргааш дахиад л маргааш, дахиад л гэх шиг уйтгартай саарал өдрүүд үргэлжлэх учраас ийнхүү ядарсан ч байж мэднэ. Амт шимт тааруухан ч гэлээ хоёр хүүгийнхээ хийсэн хоолноос идэж өдрийн алжаалаа тайллаа. Миний хоёр хүү одоо удахгүй том эрс болцгооно зүтгэж л байя. Уул шиг том эрс болж ээжийнхээ гарыг амраах өдөр ойрхон ирсэн мэт санагдахад цээжинд нь нар мандах шиг хорвоо инээмсэглэх шиг тийм их баяр төрж аньсага нүдээ хааяа чийгтүүлдэг билээ.

Өдөр цас ороод дааруулаад байсан гутал нь гэртээ ирээд үзвэл ханзарчээ. Хонгороод ажлаас нь гутал өгөх ёстой. Гэхдээ хугацаа нь арай болоогүй. Тэр болтол аргалъя гэж бодоод хуучин шар цавууны үлдэгдлээр гутлаа наахаар оролдож суулаа. Гурав, тавдугаар ангид сурдаг хоёр хүү нь ээжийнхээ гутлыг наалцахаар наана цаана нь бөртөлзөнө.

Том хүү нь –“Би ч гэсэн гутлаа наагаад авъя, миний гутал ч бас ханзарч байна лээ” гэлээ.

–“Ээж нь саяхан нааж өгөө биз дээ”.

-“Харин тийм ээ, багадсан учраас цавуудаад ч нэмэргүй байна” гэж хэвлүүхэн өгүүлэв.

-“Хоёр гурав хоноод ээжийнх нь цалин бууна, тэгэхэд ээж нь хоёр хүүдээ дулаан гутал авч өгнө” гэв.

Бага хүү: -“Таны гутал бас муудсан байна, та ч бас гутал авах уу”.

-“Ээжийнх нь ажлаас гутал өгнө. Тэгэхээр миний хоёр хүү дулаан гуталтай болоход болно” гэж хариуллаа.

Ийнхүү хоёр хүүтэйгээ гангар гунгар гэсээр эртхэн унтахаар хэвтлээ. Өглөө ээж нь тогтмол дөрвөн цагт босдог тул ийнхүү энэ гурав эрт унтаад сурчихжээ. Их хотын чимээ шуугианаас хол гэр хорооллын захад барьсан дөрвөн ханатай гэр нь дулаахан ээж хүү гурав гэрлээ унтрааж амрахаар хэвтлээ. Ноход хуцаж их хотод бус төрсөн сумандаа байгаа мэт сэтгэгдэл Хонгороод ирсэн цагаасаа хойш бодогддог билээ. Өнөө хэр тэр л янзаараа.

Хонгороо зүүдлэв. Арван жилд хамт сурч байсан охид нь улаан, шар, ногоон өнгөтэй өндөр өсгийтэй гуталнууд үзүүлж энэ нь дулаахан, энэ нь бөх, энэ нь чамд зохино гэхчлэн ам уралдан өмсөж үзэхийг шаардацгаах ажээ. Хонгороо ангийнхаа охидоос шар цавуугаар наасан гутлаа нуухыг оролдоод байх юм. Гэтэл шар Нараа гэх адтай охин нуусан гутлыг нь олж илрүүлэн охидод үзүүлж шоолон инээлдэж байх юм. Ашгүй нөхөр нь гарч ирэн энэ нь чамд тохирно гээд өндөр өсгийтэй шар гутал сонгож өгөв. Энийг чинь өмсөөд би яаж цас цэвэрлэх юм гэж нөхөртөө тунирхаж байгаа нь тов тодхон. Гутал нааж байгаад унтсан болохоор ийм хачин балай зүүд тодоос тод зүүдэлжээ.

Үүр цайх яагаа ч үгүй боловч түүний босох цаг болжээ. Тэрээр сэрсэн даруйдаа зүүдэлсэн зүүдээ бодож ганцаар баахан инээв. Би гуталтай болж байхаар хоёр хүүг маань гуталтай болгохгүй дээ гэж зүүдэндээ үнэмшив. Ийн бодсоор тэр үнэгэн харанхуй цагаар ажилдаа явж байлаа. Маргааш орой нь ажлаа тараад гэртээ ирвэл хоёр хүү нь бөөн баяр хөөр угтлаа. Тэдний сургууль дээр “Дэлхийн нар” хүмүүнлэгийн байгууллагынхан ирж амьдрал ахуй тааруухан хүүхдүүдэд гутал хувцас тараажээ. Энэ буяны хандивт хоёр хүү нь өртөж сайхан гуталтай болжээ. Ийм чанартай хоёр гутал авахад ээжийнх нь сарын цалин хүрэхгүй гэдгийг мэдээд тэр учиргүй их баярлав. Зүүд зөнтэй гэж үнэн ажээ. Ээжийн зүүд биелжээ. Биелэх биелэхдээ хоёр хүү нь гуталтай боллоо. Одоо Хонгороод гутал бодох шаардлага гарахгүй. Маргаашаас тэр санаа амар олны хөлөөр дагтаршсан цасыг ховхолж цэвэрлэнэ.

Магваны Эрдэнэбат

Улаанбаатар хот

2021 он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.