
Хятадын цөөн тоот, тод гурван том үндэстэн бол Төвд, Шинжан, ӨвөрМонгол гурав. Энэ гурвийг судлахгүйгээр Хятадыг ойлгоно гэдэг эдийн засгийн огцом тэсрэлт, соёлын уусал хийгээд, эсэргүүцэл, бүс нутгаас давсан амбицуудын цаад шалтгааныг ойлгохгүй билээ.
Орой дээрээ Их эзэн богд Чингис хааны Хар сүлдийг тахин хамгаалуулж Төвд, Монгол, Непаль, Хятад дөрвөн орны уран хийцийг хослуулсан Төвдийн төр шашны голомт Бутала ордонд хүрэлцэн ирлээ. Зөвхөн бурханы шашинтнуудын төдийгүй хүн төрөлхтний хосгүй баялаг болсон энэ ордны доторх эрдэнэс, уран зураг, хуримтлагдсан бэлэг, ном судар нь цасан цагаан сүндэрлэх энэхүү ордноосоо илүү үнэ цэнийг өөртөө шингээжээ.
Бутала ордонд Төр шашныг хослон барих өмнөх 13 далай ламын 8-г нь чандарласан эрдэнийн суварга залсны зөвхөн 5-р далай ламын суварга гэхэд 99 хувийн сорьцтой 3721кг шижир алтан дээр, атгын хэмжээний алмас чулууг тойруулан 10 мянган эрдэнийн чулуу шигтгэн урлажээ. Ийм үнэ цэнэтэй үзмэр бүх Хятадын хаана ч байхгүй гэж хөтөч тайлбарлаж байлаа. Бутала нь сүм хийд биш бөгөөд бүх Төвдийн газар нутаг, хүн амыг нэгтгэж, хэл бичиг, засаг захиргааг байгуулсан Соронзонгомбо хааны 7-р зуунд өөрийн их хатан Тан улсын гүнжид зориулан босгосон ордон юм. Тиймээс Далай лам төрийн тэргүүний хувьд заларч байсан хэрэг.
Далайн түвшинээс 3763 метр сүндэрлэх энэхүү байгууламж нь агаарын даралтаас болоод алхах бүрт маш их ядраах бөгөөд хаа сайгүй амьсгаадан суусан олон ордны гайхамшиг алмайрахын эрхэнд урагшилна. Өөрийн гэсэн философи нь дэлхийн оюун санааны ноён оргил Буддизмийн түүхийг чулуу бүхэндээ шингээсэн энэ ордон Английн Бүкимгэм, Францын Луверийн музейтэй эн зэрэгцэх үнэ цэнэтэй ажээ. Арзгар чулуун шалыг хэдэн зуунаар өдөр бүр угаасаар пильта шиг гөлийлгөсөн олон орны хэдэн сая ламхайн хөдөлмөрийг бодохоор Бутала ордны өөртөө шингээсэн шашны хүч ямар үлэмж байсныг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ Төвдийн буддын шашин, Буталан ордны түүх нь алхам тутамдаа Монголын түүхийг хэлэх бөгөөд энэ талаар тусгай нийтлэл хүргэх болно.
ХЯТАД ОРОН НҮҮДЭЛЧИН НҮДЭЭР тэмдэглэлээс...
2015.06.01
Буянаагийн Ган-Очир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.