Даанч яав даа, бөхчүүд минь

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хэрэв тухайн бөх шинжилгээ өгөхөөс татгалзвал “допинг” хэрэглэсэн хэмээн үздэг аж. Харин манай бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгөхөөс огт татгалзаж байгаагүй. Өнөө жил шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авахад хоёроос нь допинг илэрсэн байна. Тодруулбал Архангай аймгийн Тариат сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Н.Адъяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Б.Суманчулуун нараас сэргээшийн төрлийн бодис илэрсэн юм. Энэхүү мэдээллийг өчигдөр МҮБХ-ны удирдлагууд олон нийтэд зарласан.

Харин шинээр улсын цол хүртсэн хоёр бөх маань энэ талаар огт мэдээгүй явж байжээ. Уг нь холбогдох байгууллагын хүмүүс нь бөхчүүдтэй холбоотой байж, сэргээшийн шинжилгээний “А” сорьцын хариу гарах хугацаа, хэрэв “А” сорьцноос сэргээшийн төрлийн бодис илэрсэн бол “Б” сорьцын шинжилгээг БНСУ-д явуулах боломжтой зэрэг бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх үүрэгтэй баймаар юм. Улмаар “Б” сорьцын шинжилгээ батлагдвал сэргээш хэрэглэсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, тухай бөхийн цол, чимгийг хурааж авах. Эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар барилдах эрхийг нь хасах хуультай зэргийг ойлгуулах ёстой.

Дөнгөж өчигдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдээлэл хийхэд сэргээш хэрэглэсэн хэмээн хардагдаж буй Н.Адъяабат, Б.Суманчулуун нар холбогдох хүнээс нь бус мэдээллийн сайтаас өөрсдийнхөө нэрийг олж харжээ. Энэ тухай сэтгүүлчдийн асуултанд ийн хариуласан байна.

Улсын начин Н.Адъяабат: Допингийн төрөлд ордог эм бэлдмэлүүдийг нарийн мэдэхгүй

-Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь таныг гэж зарласан. Энэ тухай хэзээ сонссон бэ?

-Би огт мэдээгүй байсан. Өчигдөр өдөр интернэтээс олж харсан.

-Яагаад ийм хариу гарсан гэж бодож байна вэ? Үнэхээр допинг хэрэглэсэн үү?

-Ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна.

-Таныг наадмын өмнөхөн хөлөндөө жижиг мэс засал хийлгэсэн гэж байсан?

-Тэр үнэн. Наадмын өмнө хөлний өвдөгний нүдэн дээр хатиг гарчихсан. Тэгээд өөрөө эмчлэх аргагүй болж долоодугаар сарын 9-ний орой хөдөө бэлтгэлээс орж ирээд III эмнэлэгт зүсэлт хийлгэсэн. Тэгээд маргааш нь өвчин намдаах тариа хийлгээд 11-нд наадамд барилдсан.  Дараа нь 13-нд дахиж эмнэлэгт очиж зүсэлт хийлгэсэн.

-Тухайн үед ямар эмчилгээг өөрт чинь хийсэн бэ?

-Өвдөлтөөсөө болоод ямар эм, тариа хийж байгааг анзаарч чадаагүй. Хүчтэй өвдөж байгаа үед өвчин намдаах эм, тариа хийлгэхгүй гээд байлтай биш. Эм ууж, лаа хийлгээд, тариа тариулж байсан. Бас мэдээ алдуулагч хийлгэсэн. Цэвэрлэгээний зориулалтаар натри фурамид, феркс, трамадол лаа хийлгэж, өвчин намдаах морфин тариулса.

-Барилдааны үеэр эм тариа хэрэглэсэн байна гэж ойлгож болох уу?

-Өвчин намдаах тариа өглөө нэг хийлгээд, барилдахын өмнө бас хийлгэсэн. Наадмын дараа эмчлэгч эмч “Насан туршдаа хөлгүй болох байлаа. Амьдралаа золиослон байж барилджээ” гэж зэмлэж байсан. Үнэхээр тийм эрсдэл гарч болох байлаа. Дээрх эм тариаг хэрэглэсэн нь допинг хэрэглэсэн болж таарахгүй бол өөр яман нэгэн юм хэрэглээгүй.

-Допингийн төрлийн эм бэлдмэлүүдийг мэдэх үү, энэ талаар бөхчүүдэд хэрхэн таниулах сурталчилгаа хийдэг вэ?

-Яг нарийн мэдэхгүй. Ерөнхийд нь өвчин намдаах, тайвшруулах, жин нэмэх, булчин задлах зэрэг тоймтой хэдийг нь л мэднэ. Бөхчүүдэд энэ талаар ямар нэгэн сургалт явуулдаг талаар мэдэхгүй байна.

-Одоо шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо. Ямар нэгэн хариуцлага тооцно гэвэл яах вэ?

-Дөнгөж түрүүхэн мэдсэн. Энэ тухай бодсон юм алга. Хоёр жил хүртэл барилдах эрхийг хасах, эсвэл цол чимгийг хураана гэж заасан байдаг гэсэн.

Үндэсний бөх маань олон зуун жилийн турш тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж ирсэн. Монгол улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин Ж.Мөнхбат хэлэхдээ “Үндэсний бөх гэж байхгүй байсан бол Монгол улс гэж байх байсан юм уу даа, мэдэхгүй” гэж байлаа. Үнэхээр ч бөхөө дээдэлдэг ард түмэн минь бөхчүүддээ хүндэтгэлийн дээдийг зориулдаг гэдгийг бид мэднэ. Жилд ганцхан удаа наадам хийж, амжилттай барилдсан хүчит бөхчүүддээ цол чимгийг нь өгч, дэлхий дүүрэн баярладаг.

Гэтэл шударгаар өрсөлдөж амжилтанд хүрэх замыг зарим бөхчүүд нь сонгосонгүй. Хүч тамир нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэж, даваа завшин аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолыг хүртсэн нь цөөнгүй мэт санагдана. Дээрх цол бүрийн төлөөлөл нь болсон бөхчүүд допинг хэрэглэсэн хэмээн муу нэр зүүж байсан. Харин өнөөдрийг хүртэл цолоо хураалгасан гэж дуулдсангүй. Ард түмэн гэж байхгүй байсан бол хэдэн бөхчүүд хаана, хэний өмнө барилдаж, алдар цолоо дуудуулах байсан бэ. Үүнийг нэг бодолцож үзэх цаг болжээ, бөхчүүд минь.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.