
ШИНЭ КОРОНАВИРУС ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ХЭДЭН ЦАГААС ХЭДЭН ӨДӨР ХҮРТЭЛ АМЬД БАЙДАГ БАЙХ НЬ
Шинэ коронавирус (SARS-CoV-2) нь аэрозоль ба объектын гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл амьд үлдэж байгааг АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн (NIH), Өвчнийг хянах төв (CDC), Калифорнийн их сургууль болон Принстон Их Сургуулийн хамтарсан судалгааны багийнхан олж тогтоожээ. Харин хүрээлэн буй орчин дахь тогтвортой байдал нь Амьсгалын замын цочмог цочмог хамшинж (SARS)-ийн коронавирус (SARS-CoV-1) -тэй ижил хэмжээтэй байсан тул үүгээр энэ хоёр вирусын тархалтын ялгааг тайлбарлаж чадсангүй гэсэн байна.
АЭРОЗОЛЬ БУЮУ ШҮРСДЭСТ 3 ЦАГ, КАРТОН ЦААСНЫ ГАДАРГУУ ДЭЭР 1 ӨДӨР
SARS-CoV-1 нь анх Хятадад гарсан бөгөөд 2002-2003 оны хооронд 8000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байдаг. SARS-CoV-1-ийг ойрын хавьталуудыг нь мөгшөлт хийж, түргэн шуурхай тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээр, 2003 оны 7-р сарын 5-ны өдөр ДЭМБ-ын зүгээс тархалтыг бүрэн зогсоосон хэмээн зарласан байна.
Судалгааны баг SARS-CoV-2-тэй генийн дарааллын хувьд хамгийн ойролцоо гэгдэж буй хүний коронавирус болох SARS-CoV-1-ийн аэрозоль ба эд зүйлсийн (хуванцар, зэвэрдэггүй ган, зэс, картон гэх мэт) гадаргуу дээрх тогтвортой байдлыг туршилтаар үнэлж үзжээ.
Үр дүнгээс харахад SARS-CoV-2 нь аэрозоль буюу хүний ханиалга найталгаас үүссэн шүрсдэс бүхий агаарт 3 цаг, зэс металлийн гадаргууд 4 цаг, картон цаасны гадаргууд 24 цаг, хуванцар болон зэвэрдэггүй ган эд зүйлийн гадаргуу дээр 2-3 өдрийн турш илэрч буйг олж тогтоожээ.
Эдгээрээс үндэслэн аэрозоль болон эд зүйлсийн гадаргуу дээр наалдсан SARS-CoV-2 вирусээс хүний биед халдвар тархаж байж болзошгүй гэж үзэхээр байна. Гэхдээ аэрозоль болон эд зүйлсийн гадаргуу дээрх тогтвортой байдал нь SARS-CoV-2 болон SARS-CoV-1 хоёуланд нь ижилхэн байсан.
Эдгээрээс үндэслэн судалгааны багийн ахлагч болох АНУ-ын Харшлын болон Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Винсент Ж.Мюнстер нар "SARS-CoV-1-тай харьцуулахад SARS-CoV-2-ийн халдварын тархалт илүү их байгаа шалтгаан нь аэрозол ба орчны эд зүйлсийн гадаргуу дээрх тогтвортой байдлаас гадна амьсгалын дээд зам дахь вирусын хэмжээ, шинж тэмдэг зовиургүй хүмүүсээс вирус тархаж дамжуулагдаж байх магадлалтай" хэмээн онцолжээ.
Хэрэв SARS-CoV-2-ийн халдвартай ч шинж тэмдэггүй хүмүүс, өөрсдийн халдварласныг анзаараагүй, эсвэл анзаарахаас өмнө халдварыг тархааж байгаа бол SARS-CoV-1-ийн эсрэг авсан сэргийлэх хариу арга хэмжээ SARS-CoV-2-т үр дүнгээ өгөхгүй байх магадлалтай.
Мөн SARS-CoV-1-ийн хоёрдогч халдвар нь ихэвчлэн эмнэлгийн орчинд байсан бол SARS-CoV-2-ийн хоёрдогч халдвар нь ихэнхдээ олон нийтийн дунд халдвар тархаж байгаа байдалтай байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөж байгаачлан SARS-CoV-2 халдварын хувьд ч томуу болон амьсгалын замын бусад вирусын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн нэгэн адил:
1. Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болохоос зайлсхийх
2. Нүд, хамар, ам руугаа гар хүрэхгүй байх
3. Зовиур, шинж тэмдэг илэрвэл гадуур гарахаас зайлсхийх
4. Ханилагах найтаах болвол ам хамраа дарж битүүлж ханиаж найтаах, хэрэглсэн зүйлсээ хогийн саванд аюулгүй болгож хаях
5. Олон давтан хүрэлцэх эд зүйлс, тдэгээрийн гадаргууд тогтмол хугацаагаар ахуйн хэрэглээний ариутгалын бодисоор шүршиж, арчиж цэвэрлэн байнгын цэвэр ариун байдлыг хангаж байх нь туйлын чухал болохыг дахин баталлаа хэмээсэн байна.
Эх сурвалж: Aerosol and Surface Stability of SARS-CoV-2 as Compared With SARS-CoV-1. N Engl J Med DOI: 10.1056/NEJMc20049732020 Mar 17 PMID: 32182409 https://pubmed.ncbi.nlm.nih.gov/32182409/
Анагаах ухааны доктор Ойдовын Батгэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.