“Бразил 18”-ынхан зардлаа төлсөн гэв, гэвч...

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Энэ оны 6-р сард Бразилд болсон хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг үзэхээр татвар төлөгчдийн мөнгөөр буюу төсвөөс мөнгө гарган сиймхий ашиглан явах гэж байсан хүмүүс "өст хүн өлийн даваан дээр" гэхчээр газар дээрээ баригдаж, хэвлэл мэдээллээр шившгээ дэлгэсэн. Ажил гэхээр үстэй толгой нь арзайж, амралт зугаалга гэхээр нүд нь сэргэдэг энэ эрхмүүд хил дамнан тив алгасаж очиж очиж ид Хөлбөмбөгийн ДАШТ болж, хөл толгой нь олдохоо больсон Бразил улсад хурлын үйл ажиллагааны туршлага судална гэх нэрийдлээр 18 хүн явахаар болсныг бид нэртэй устай, тамга тэмдэгтэй бичигтэй нь мэдээлсэн билээ. 

Иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулж, твиттер, фэйсбүүкээр нэг гол асуудал болсон энэ шуугианы хэрэг одоо ч хүртэл тасраагүй. Тэд ч хийсэн онц ажилгүй, зугаацаж явснаа хүлээн зөвшөөрч өөрсдөө зардал мөнгөө төлнө гэж илд далд мэдэгдсээр өнөөг хүрсэн юм.

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн нэг чухал санаачилга нь төсвийн мөнгөөр гадаад улсад туршлага судлах нэрийдлээр амарч зугаалахыг хориглосон явдал юм. Гэхдээ энэ бүхнийг үл тоомсорлож, Бразил явахаар тийзээ хүртэл захиалаад нүдэн балай, чихэн дүлий гэдэг шиг таг гүрийсээр байгаад явчихсан. 

Энэ байдлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Дарханы ИТХ-ын төлөөлөгчид  Дубай руу зугаалсныг аудитынхан  шалгаад өөрсдөөр нь бүх зардлыг төлүүлэхээр болсон. Бразил явсан НИТХ-ын төлөөлөгчид ялгаагүй хувиасаа энэ зардлаа төл” хэмээн мэдэгдсэн бол Д.Баттулга даргын хувьд “Энэ явдал миний болоод Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хувьд томоохон сургамж боллоо” хэмээн уучлалт гуйсныг тодхон санаж буй биз.

Нэгэнтээ ард түмний нүдэнд ил болсон алдарт 18 арга буюу ичсэн нүүрэндээ шахалтанд орж зардлаа төлсөн баримтыг бид дэлгэж байна. Гэхдээ зөвхөн онгоцны зардлаа төлөв үү, очоод байрласан байр, идсэн хоолныхоо мөнгө, тээврийн зардал гээд бүгдийг нь юу ч үлдээлгүй төлж чадсан уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбатаас тодруулахаар хэд дахин утасдасны эцэст "Д.Баттулга даргаас нэг тийм албан бичиг ирсэн нь үнэн. Гэхдээ зардлын задаргаа ирээгүй болохоор би үнэндээ хэлж мэдэхгүй байна" гэсэн нь үнэхээр гайхшрахад хүргэлээ. Мэдэн будилав уу, эсвэл нуух хаах шалтгаан байв уу их л дурамжхан хариулж, өөрөөсөө зайлуулж байгаа нь илт. 

Бид зардал төлөлтийн задаргааг зохих албаны хүнээс тодруулж та бүхэнд эргэж мэдэгдэх болно.

 

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.