Арилжааны банкууд зээлийн шимтгэл, хураамжаа давхар авахаар шүүхдэлцэж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 15-нд арилжааны банкууд болон ШӨХТГ-ын хооронд үүссэн маргааныг таслах шүүх хурал болно.

Өнгөрсөн зургаадугаар сард ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу тус газар нэр бүхий 13 банкийг шалгажээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо 0.5-1 хувийн шимтгэл авдаг байдлыг ШӨХТГ хууль бус үйлдэл гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог банкууд зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзсэн.

Иймд ШӨХТГ дээрх 13 банкинд хугацаатай шаардлага хүргүүлж, шат дараалсан арга хэмжээ авсан ч энэ асуудал банкнуудын эсэргүүцэлтэй тулгарснаар шүүхдэлцэж байгаа билээ. Түүнчлэн зээл олгоход хураамж,  шимтгэл авч буй үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн аль алийг нь зөрчиж байгаа хэрэг аж. 

Банкуудын одоо мөрдөж буй журамд зааснаар олгосон тухайн зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг. Жишээ нь, нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл авна гэсэн үг. Харин хоёр тэрбум төгрөгийн зээл авбал хорин сая төгрөг болно. Үүнийгээ үйл ажиллагааны зардал хэмээн банкууд тайлбарладаг аж. Харин ШӨХТГ нэг тэрбум болон хоёр тэрбумын зээл өгөхөд үйл ажиллагааны зардал нь ийм ихээр зөрөх учиргүй, зээлийн шимтгэл харилцан адилгүй байх нь буруу гэж үзжээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бид Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т  заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг гол болгож байна. Энэ заалтын хүрээнд албан шаардлага хүргүүлсэн. Харин банкууд зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан. Энэ сарын 15-нд болох шүүх хуралд арилжааны банкуудыг төлөөлөн Монголын банкуудын холбоо оролцохгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан арилжааны банкууд хамтран хуулийн баг бүрдүүлж, шүүх хуралд оролцоно” гэсэн юм.

Шалгалтад хамрагдсан 13 банкнаас Кредит банк л шимтгэл болон хураамж давхардуулан авдаггүй нь тогтоогджээ.   

Хэрэв шүүхээс шимтгэл болон хураамжийг давхардуулах нь буруу гэсэн шийд гарвал өнгөрсөн хугацаанд зээлдэгчдээс авсан олон сая төгрөгийн шимтгэлийг хэрхэх вэ гэдэг асуудал ч урган гарна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.