Хоёр бөхөөс допинг илэрчээ

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрч, шинээр улсын начин цол хүртсэн Архангай аймгийн харъяат Н.Адъяабат, Говь-Алтай аймгийн харъяат Б.Суманчулуун нараас допингийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг бөгөөд шинжилгээний дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд "А" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг юм. Эл шинжилгээгээр буюу дээрх хоёр бөхийн "А" сорьцоос хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрсэн байна.

Энэ тухай Допингийн эсрэг төвөөс 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр МҮБХ-нд албан ёсоор мэдэгдэж, үүний дараа хоёр бөхийн хүсэлтийн дагуу "B" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид дахин шинжлүүлэхэд "А" сорьцын шинжилгээний хариутай ижил хариу гарсан байна. Дахин нягтлуулсан "В" сорьцын хариу есдүгээр сарын 08-ны өдөр ирснийг Допингийн эсрэг төвийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбат есдүгээр сарын 09-ний өдөр МҮБХ болон Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд албан бичгээр мэдэгджээ.

Допингийн шинжилгээний хариуны талаар дээрх бөхчүүд "Гэмтэлтэй байсан учир эм ууж байсан" гэсэн тайлбар өгч байгаа бөгөөд МҮБХ-ны удирдлагуудад дээрх бөхчүүд нэг нь наадмын өмнө хөлөн дээр хатиг гарсныг эмчлүүлсэн гэж ярьсан бол нөгөө нь гарандаа бэртэл авч, наадмын өмнө бага зэргийн мэс ажилбар хийлгэж эмчлүүлсэн" хэмээн мэдэгдсэн аж.

Одоо дээрх бөхчүүдэд ямар хариуцлага тооцохыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, шийдвэрлэнэ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журам ёсоор бол допингийн төрлийн эм, бодис хэрэглэсэн бөхчүүдийн тухайн жилийн наадмаар хүртсэн цол, чимгийг хураах юм уу, хоёр хүртэлх жил барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцдог аж.

Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул “Увс” нуур дэвжээ, “ТЭЦ-3”, “Химон” констракшны бөх, улсын харцага Н.Батсуурь түрүүлж арслан цол, Завхан аймгийн Идэр сумын харъяат, “ЗД” констракшн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бөх улсын өсөх ирэд начин Ш.Жаргалсайхан үзүүрлэж гарьд цол, улсын начин Б.Пүрэвсайхан харцага цол, аймгийн арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Л.Лха-Очир, Н.Адъяабат нар улсын начин цол хүртсэн билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.