Балжирын Догмид - Дунд голын ногоо /Дурсамж/

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Хил хязгаар түгшүүртэй дайн дажны сураг чимээ өдөр хоногоор ойртон чих дэлсэх болж япончууд өдөр алгасалгүй өдөөн хатгалга хийж хил зөрчиж байсан тэр өдрүүдэд монгол хүн бүхний хараа дорно зүгийг анхааралтай ширтэж байсан цаг. Дайн гарцаагүй болж, япон манжийн цэргүүд эрт орой нэгэн цагт довтлон орж ирнэ гэдгийг олон улсын байдал хийгээд зөн совингоороо аль эрт мэдэрсэн Чойбалсан тэргүүтэй манай нам, засгийн удирдагчид 1932 онд нууц тогтоол гаргаж, үүлдвэр угсаа сайтай азарга, гүүний тохироо бүрдсэн цөм сүргийг хэдэн мянгаар нь Дарьгангын хязгаар, Хэрлэнгийн хөндий, Дорнодын их талд аваачин үржүүлснээр 39 оны дайн эхлэхэд түрүүчийн унага даага нас шүд гүйцсэн морьд болж, цэргийн агт бэлэн болсон байсан гэдэг.

Энэ үед одоогийн Хөдөө аж ахуйн яамны зүүн талд Вьетнамын элчин сайдын яам байрлаж байгаа хоёр давхар ягаан байшинд амьдарч байсан залуу жанжин Лхагвасүрэн Халхын гол руу мордохынхоо өмнөхөн цөөн хэдэн найз нөхдөө гэртээ урин цай идээ барьж, гэр бүлийн хүрээнд бяцхан найр үүсгэж, ирсэн хүмүүсийг чихэр жимс, таван тансагаар дайлж, архинд халсан хүмүүсийн түрүүч нь дуулж хуурдаж эхлэв.

Бөмбөгөр ногоон буюу Төв театрт ажилладаг, ширээний чимэг, архины даруулга болсон нэгэн ганган хүүхэн хил хязгаар руу явах гэж байгаа үстэй, зүстэй залуу жанжинд сээтэн хаяж, хундага өргөн нэгэн хүрээ дуу дуулахад монгол хэл хагас дутуу гадарладаг гэрийн эзэгтэй орос бүсгүй өөрийн нөхөр залуу жанжинг мөнөөх дуучин хүүхэнтэй хардан байшингийнх нь тагтан дээр гараад суучихжээ.

Ирсэн зочид гэрийн эзэгтэйг орж ирэхийг хүлээн наргиж наадалгүй дуугаа хураан суухыг ажсан Лхагвасүрэн жанжны санаа зовон тагтан дээр гарч, эхнэрээ гэртээ оруулах гэж аргадтал, мөнөөх орос эмэгтэйн уур омог нь гэнэт дүрэлзэн асч:

- Чи хүрээний нэг муу завхай хүүхэн гэртээ авчирч, намайг доромжлов гэж хэлээд залуу жанжинг тагтан дээрээс түлхчихжээ. Хоёр давхрын тагтан дээрээс түлхүүлсэн Лхагвасүрэн хэзээний цэрэгжил сайтай, хэрэглэлийн гимнастик, турник савлуурт гайхуулдаг хүн байсан учраас тэр агаарт хий сооль эргээд толгойгоороо биш хөлөөрөө буучихжээ.

Энэ бүхнийг харсан гудамжаар явж байсан хүмүүс тэр дороо шуугилдан цугларч, яав ийв болоход Лхагвасүрэн жанжин “ та нар санаа зовох хэрэггүй, би өглөө бүр ийнхүү дасгал хийж, гэрийнхээ хаалгаар бус тагтаараа үсэрч буугаад сурчихсан юм” гэж хэлсэн юм гэдэг.

Энэхүү болсон явдал тэр дороо Маршалын чихэнд хүрч:

-Дайн болох гэж байхад цэрэг командлах ирээдүйтэй ганц залуу жанжинг маань нэг муу орос эхнэр тагтнаас түлхэн унагааж, амь насыг нь хөнөөхийг завдсан байна. Бид оросуудын гарт маршал Дэмидийг алдсан, тэр орос эмийг одоохон 24 цагийн дотор ачааны онгоцоор орон нутаг руу нь хөөж явуул гэж тушаажээ.

Тэгээд Халхын голын дайн дууссаны дараа Маршал бараг захирамж гарган Богд хааны төрсөн дүү Чойжин ламын өргөмөл охин, улсын нэгдүгээр зэргийн танцчин Дашцэдэн гэдэг царайлаг, нуруу туруу гоолиг, нүд хөмсөг уран тод бүсгүйг богтлохоос наахнуур төрийн бодлогоор авч өгсөн гэдэг.

Image may contain: 2 people, people standing

Тэр цагт Дашцэдэн гуай Бөмбөгөр ногоон, Нардом, Үлгэр жишээ клуб буюу одооны Сүхбаатарын нэрэмжит Жанжин клубын тайзан дээр бүжиглэдэг манай улсын анхны алдарт, гавьяат танцчингуудын нэг байлаа.

Хот, хүрээнийхэн төдийгүй хөдөө, гадаанаас ирсэн аянчин, жинчид циркийн Мажигсүрэн, Цэнд-Аюуш хоёрын уран нугаралт, мөн Ринагийн утсан дээр явах гайхамшиг, Дашцэдэнгийн бүжиглэхийг үзэх гэж цирк болон Бөмбөгөр ногоонд очдог байсан тухай хууцчуул ярьдаг.

Дашцэдэн гуай хөөрхөн, сайхан хоёр нь хосолсон гоё бүсгүй байсан учраас эгэл жирийн эрчүүл харцуул байтугай, лам хуврагууд ч сахил санваараа умартан түүнийг харах гэж гүйдэг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Залуу жанжны гэргий Дашцэдэн гуай нэгэн цагийг эзэлсэн агуу бүжигчин төдийгүй монголдоо л Айседора Дункан байсан юмсанжээ.

Дунд голын ногоо нь

Ургасан байтлаа тарьсан юм шиг

Дунжидмаа гуайн бага охин чинь

Төрсөн байтлаа зурсан юм шиг

Ханан хээтэй алчуурыг хө

Ханцуйнаасаа битгий салгаарай даа хө

Хавар, намрын зургаан сард нь хө

Хайртыгаа битгий л мартаарай даа хө

гэсэн үгтэй “Дунд голын ногоо” хэмээх энэ эрхэмсэг сайхан дууг хүрээ, хорооны алдартай, авьяастай хүмүүс Дашцэдэн гуайд зориулан аль дөчөөд онд зохиосон нь эдүгээ ардын дуу мэт болж, хүн бүхэн дуулах болжээ гэснээр энэхүү гэгээн дурсамжийг өндөрлөв.

Балжирын Догмид

2020.05.12

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.