Солгой...

Twitter Print
2020 оны 12-р сар 20-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Би солгой юм л даа. Сургуульд ороход багш баруун гараар бичүүлэх гэж их хичээсэн. Тэгэвч дийлээгүй. Манай ангид над шиг солгой бас байсан. Тэд багшийн хичээл зүтгэлд дийлдсэн гэх үү дээ.

Бүгд л баруун гараараа жирийлгэдэг болсон. Би л солгойгоороо. Тэр үедээ "муу" л хүний тоонд орж байсан биз. Баруун гараараа хааяа нэг үсэг бичихээр үсэг ч биш, шувууны мөр ч биш юм болно. Ичнэ дээ. Тэр үед солгой гар маань хөх даалимбан дээлийнхээ ханцуй дотор бачууран цухас цухас хийдэг байж билээ. Тэгээд л багшийн нүд хариулж байгаад шурхийтэл гараад ирнэ. Дорхноо бичих ёстойгоо биччихээд буцаад ханцуй руугаа орчихно.

Нэг хэсэг иймэрхүү хавчлаганд байсан солгой гар маань тэгсхийгээд эрх чөлөөтэй болж би хэнээс ч нуухгүй дэвтрээ хөндлөн тавиад бичдэг болсон юм. Солгой гар гэдэг сонин шидтэй зүйл. Бөндгөр дотроос удирддаг болохоор гарандаа биш толгойдоо л байдаг юм билээ л дээ. Гар төдийгүй хөл бас солгой. Хөл бөмбөг энэ тэрийг солгойлдоод л өшиглөнө. Аав маань намайг солгой гараараа алх барьчихсан энд тэнд төмөр нүдэж байхыг хараад энэ Аазаг дархны сүнс шүү. Байж байгаагий нь гэдэг сэн. Хожим ухаан суугаад ааваасаа Аазаг дархан гэж ямар хүн байсан юм бол гэж асуусан. Тэгтэл манай гол усанд амьдарч байсан Пүрэвжав гэж партизан байжээ. Тэр солгой гартай дархан хүн байж...

Нутгийхан Аазаг гэж дууддаг байж л дээ.. Тэгээд л намайг Аазаг дархны сүнс гэдэг байсныг ухаарсан. За энэ ч яахав. Би өнөөдөр солгой гарандаа баяр хүргэмээр санагдаад. Хүнээс юм авах, хүнтэй гар барихдаа ашигладаг баруун гараараа зүүн гараа чанга гэгч нь атгалаа. Сайхан байсан шүү... Үнэхээр зүүн гар маань бахархалтай нь аргагүй халуу дүүгсэн дээ... Бага хүү маань солгой. Бас хөөрхөн зурна. Солгойлдоод төмөр нүднэ... Хүүгээ хараад бахархах л юм. Удам дамжсан солгойнууд аа гэж... Дэлхий дээр солгойчуудын өдөр найман сард тохиодог юм. Ирэх жилийн найман сард солгой гартаа сайхан бөгж авч өгч бэлэглэнэ дээ. Ингэж бодлоо. Сайн шүү миний солгой гар Энэ дашрамд солгой гартнуудын тухай жаахан мэдээлэл илгээчихье. Бид чинь бас тэмдэглэдэг өдөртэй гэж байгаа. Одоогоос 45 жилийн тэртээ Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгойчууд нэгдэн өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс энэхүү үйлсийг эхлүүлсэн гэж байгаа. Одоогоор дэлхий хүн амын 10 орчим хувь миний анд нөхөд солгойчууд байдаг.

Ингээд бодвол би цөөхүүлээ биш олуулаа. Нэг тэрбум солгойчууд дэлхийгээр нэг таржээ. Энэ тооцоог саяхан, хэдхэн сарын өмнө судлаачид хэлсэн юм шүү. Бидний солгойчуудыг дэлхийн үндэстэн бүр янз бүрээр л боддог. Тэр ч яахав. Газар газрын араншин. Бас зарим нэг судалгаагаар солгойчуудын дийлэх нь эрэгтэйчүүд байдаг тухай мэдээлээд байгаа юм л даа. Солгой гартнууд урлаг спортод давуу амжилт гаргасаар л байдаг. Солгой гартнууд илүү ухаалаг гэсэн ерөнхий ойлголтыг тэдний IQ 140-өөс дээш гэсэн судалгаа баталдаг юм. Түүнчлэн нэр алдартай хүмүүс, удирдагчдын дунд солгой гартнуудын нэр олонтаа тааралддагаар үүнийг нотолдог.

Ж.Бушийг эс тооцвол 1981 оноос хойшхи АНУ-ын бүх Ерөнхийлөгч солгой хүмүүс байсан юм. Ж.Форд, Р.Рейган нарын өмнөх Ерөнхийлөгч нарыг тооцохгүйгээр хамгийн сүүлд төр барьсан удирдагчдыг нэрлэвэл, эцэг Буш, Билл Клинтон, мөн одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нар солгой ажээ. Жанна’д Арк, Наполеон, Юлий Цезарь, агуу Александр хаан зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс, Леонардо да Винчи, Рафэль, Микеланжело, Альберт Эйнштейн, Исаак Ньютон, Пабло Пикассо зэрэг суутнууд, Опра Уинфри, Майкл Жордан зэрэг орчин үеийн оддыг нэрлэхэд л солгой гартнууд ямар хүмүүс болохыг хэлээд өгөх биз ээ. Монголчууд ч сайхан зүйлээ солгойтой зүйрлэдэггүй л дээ.

Дуулж чадахгүй бол солгой хоолойтой л гэнэ. Аливааг муухан хийгээд өгчихвөл ялангуяа дархан мужаан хүмүүсийг хоёр гартай юм л гэнэ. Үүний цаана өнөө муу солгой гар минь л байх жишээтэй. За энэ ч яахав надад СОЛГОЙ гар л заяасан СОЛГОЙ сэтгэл заяасангүй. За ингээд СОЛГОЙ гараа жаахан өөд нь татлаа.

Лханаагийн Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.