Явган хүний зам дээр барьсан хашаануудыг чөлөөлнө

Twitter Print
2021 оны 03-р сар 20-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга  хэмжээ авна гэдгийн албаныхан мэдэгдлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсний дагуу Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн VI хороонд ажиллаж,  явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.

Тухайлбал, дүрэм журам, стандартыг сайжруулах, газрын гэрээнд үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шаардлага тавихталаар албаныхан хэлж байна.

Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тусгай болон онцгой объект зэрэг 16 төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага стандартын хашаа барих зөвшөөрөлтэй байдаг аж. Гэтэл зарим аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр явган хүний зам дээр хашаа барьсаар байгаа юм. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Дөрвөн төрлийн тусгаарлах хайс байдаг. Үүнд стандарт гэж бий. Явган хүний замыг авто замаас тусгаарлах амьд хайс гэж байдаг. Үүнийг хийж иргэдийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах ёстой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээндээ иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус, хууль зөрчсөн хашаа, хайснуудаа буулгаж, иргэддээ аюулгүй зорчих боломжийг бий болгож өгөхийг уриалж байна” гэлээ.

Харин Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нийтийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Хэрвээ иргэдийн эрх ашгийг зөрчсөн бол хууль, дүрмээ биелүүлэх шаардлагатай. Эхний ээлжинд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга  хэмжээ авна” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.