Нойрны тухай мэдэх ёстой 10 зүйл

Twitter Print
2022 оны 12-р сар 01-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Бид амьдралынхаа ⅓-ийг унтаж өнгөрүүлдэг. Ус, агаар мэт амин чухал хэрэгцээ болох нойрны тухай бид хангалттай мэддэг үү? 

НОЙРНЫ ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ

1. Насны ангиллаас хамааран хүний өдөрт нойрсох цаг харилцан адилгүй бөгөөд насанд хүрсэн хүн дунджаар 7-9 цаг унтах ёстой.

2. Унтах үед бодисын солилцоо хамгийн доод түвшинд хүрч, шатаах илчлэгийн хэмжээ буурдаг. Ингэснээр өдөрт зарцуулах энергиэ нойрсох үедээ бид хэмнэх юм.

3. Хүн хоногт 8 цаг унтах нь өдөрт зарцуулах энергийг 35%-иар хэмнэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

4. Эсийн нөхөн сэргээлт

Хүн нойрсож байх үед эд эсэд нөхөн төлжилт хамгийн ихээр явагддаг. Үүнд: Булчингийн төлжилт, уургийн нийлэгжил, эдийн өсөлт, дааврын нийлэгжил зэрэг багтана.

5. Тархины үйл ажиллагаа

Тархины глимфатик #glymphatic (хэрэгцээгүй мэдээллийг цэвэрлэх) систем нь унтаж байх явцад идэвхижин төв мэдрэлийн системд өдрийн туршид хуримтлагдсан мэдээллийг ангилж, ялган хэрэгцээгүйг нь устгадаг.

6. Судлаачдын тогтоосноор унтаж байх явцад богино хугацааны ой санамж нь урт хугацааны ой санамжинд шилждэг байна.

7. Нойрсох нь тархины дараах үйл ажиллагаанд нөлөөлнө. Үүнд: суралцах, ой санамж, асуудлыг шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар, төвлөрөх чадвар, шүүн тунгаах чадвар

8. Биеийн жингийн тогтвортой байдал

Өлсөх мэдрэмж нэмэгдүүлдэг грелин #ghrelin даавар нь нойрсох үед дарангуйлагдаж, нойр дутуу үед цадах мэдрэмжийг үүсгэдэг лептин #leptin даавар дарангуйлагдаж, грелин дааврын хэмжээ нэмэгддэг байна. Сайн унтвал жин хэвийн байх нь.

9. Архаг нойргүйдэлтэй хүмүүс нь таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл өндөртэй байдаг аж.

10. Биднийг нойрсох үед халдвар, үрэвслийн эсрэг тэмцэх үүрэгтэй уураг болох цитокины #cytokine нийлэгжил идэвхитэй байдаг Энэ нь цаашлаад эсрэг бие, дархлааны эсүүдийг бий болгоно. Иймд дархлаагаа дэмжихийн тулд сайн унтаж амрах хэрэгтэй.

НОЙРНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Хэвийн үед шөнийн турш 4-6 нойрны цикл давтагддаг.

Хүн шөнө унтаж буй нийт хугацааныхаа дунджаар 2 цагийг зүүдэлж өнгөрүүлдэг.

Хүнийг нойрсож байх үед биеийн температур 1-2 градусаар буурдаг.

Мөн гүн нойрсолтын үед хүний биеийн бодисын солилцоо 15%-иар багасдаг.

Эмэгтэйчүүд нь нойргүйдэлтэй болох магадлал эрчүүдтэй харьцуулахад 40%-иар өндөр.

Нийт хүмүүсийн 66% нь зүүдэндээ ярьж байсан ба эдгээрийн 17% нь өнгөрсөн 3 сард өөрт нь юу тохиолдсон тухайгаа ярьдаг байна.

40-ээс дээш насны эрчүүдийн 69%, эмэгтэйчүүдийн 76% нь багадаа 1 удаа шөнө сэрж бие засдаг байна.

Өсвөр насны хүүхдүүдийн 25% нь нойрны асуудалтай.

13-19 насны хүүхдүүдийн шөнө нойрсох цаг нь өмнөх үетэй харьцуулахад 40-50 минутаар багасчээ.

Насанд хүрсэн нойргүйдэлтэй хүмүүсийн 75% нь депресстэй байдаг.

Эх сурвалж: Алтан эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.