
АНУ-ын эрх баригчид ДЭМБ болон АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын албанаас зөвшөөрөөгүй коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хориглох журам гаргахаар төлөвлөжээ. Үүнд ОХУ-ын Sputnik V вакцин багтаж байгаа ба энэ нь Оросын эрх баригчдын бухимдлыг төрүүлээд байна.
Коронавирусын халдварын ид дэгдэлтийн үед АНУ Sputnik V коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байсан ба цар тахал намжсан үед Спутник-Ви вакцин тариулсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй асуудал хэмээн Оросын тал үзэж байна.
Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн яам, Шууд хөрөнгө оруулалтын сангийн удирдлагууд ДЭМБ Оросын Спутник-Ви вакциныг бүртгэхийг яарахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсээр байгаа юм.
Францын эрх баригчид л гэхэд төрийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр улс орнуудын төлөөлөгчдыг хэд хэдэн бүсэд хуваасан ба Спутник-Ви вакцин нь Европын холбооны Эрүүл мэндийн газарт бүртгэгдээгүй гэсэн шалтгаанаар Оросын төлөөлөгчид халдварын "улаан бүсэд" хуваарилагджээ. Ингэснээр Оросын төлөөлөгчид зөвхөн зохион байгуулагчдын тогтоосон маршрутаар зорчиж байсан аж.
Спутник-Ви вакцин нь коронавирусын эсрэг гарсан анхны вакцин юм. Оросын эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин бүтээж анхдагч болсон ч оросуудыг коронавирусын эсрэг вакцинаа хангалттай сайн туршиж судлаагүй хэмээн буруутгасан юм.
Тэрчлэн ОХУ-ын иргэд нь өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн Спутник-Ви вакциндаа эргэлзэж байсан учраас тус улсад коронавирусын эсрэг вакцинжуудах ажил удаашралтай явагдсан юм.
Спутник-Ви вакциныг ДЭМБ-д бүртгэх ажил өнгөрсөн хавраас эхлэн явагдаж байгаа ба ДЭМБ-аас энэ сарын 15-нд гаргасан мэдэгдэлд Спутник-Ви вакцины нэг үйлдвэр ДЭМБ-ын шалгалтанд тэнцээгүйн улмаас Спутник-Ви вакциныг бүртгэх ажлыг зогсоосон тухай дурдсан байжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.