Биеэ зуруулагч орос бүсгүй, зураач Матисс хоёрын сүүлчийн хайр

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй аугаа зураачийн эхнэрийн гэрээс тэсэн гарч чадсан юм. Анри Матисс, Лидия Делекторскаягийн олон тооны хөргийг зуржээ. 

Эрмитажид францын алдарт зураач Анри Матиссын дэлхийд шилдэгт тооцогддог уран бүтээлийнх нь цуглуулгыг дэлгэн үзүүлсэн юм. Тэдгээрийн зуу гаруй бүтээлийг нь сибирь нутгийн бүсгүй Лидия Делекторская бэлэглэсэн гэдэг. Матиссын амьдралын сүүлчийн жилүүдэд энэ бүсгүй нь түүний гол биеэ зуруулагч нь болоод зогсохгүй мөн хамгийн их ойр дотных нь хүн байжээ.

Анри нэртэй хийсвэр зургийн урлаг

1910 онд Парист 40 настай Матиссыг "Бүжиг" болоод "Хөгжим" гэсэн хоёр зурган дээрээ ажиллаж байх үест, хаа холын нэгэн Томск хотод хүүхдийн эмч Николай Делекторский болон түүний эхнэр Верагийн гэр бүлд нэгэн охин хорвоод мэндэлжээ. Шинэхэн төрсөн охиныг Лида хэмээн нэрлэв. Гэвч тэр 13 нас хүрээд өнчирч хоцорчээ. Эцэг эх хоёр нь тахал өвчний үеэр ар араасаа цуван нас барав. Охиныг авга эгч нь өөр дээр авчээ. Удалгүй Лида тэдэнтэй Оросоос Манжуур луу явцгаав. Харбинд оросын лицейн сургуулийг төгсгөв. Үүний дараа садангийн бүсгүйчүүд Франц руу дүрвэн гарцгаав.

Тэнд очоод залуу бүсгүй Делекторская нутаг нэгт Омельченкотой гэр бүл болов. Гэвч жилийн дараа тэд салцгаав. (Албан ёсны салалт нь зургаан жилийн дараа болж, үүний дараа Лидия багынхаа овгийг эргүүлэн авсан ажээ) Нөхрөөсөө салаад удалгүй бас нэгэн орос эртэй нийлэн, Ницца руу явав.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Иймэрхүү амьдралын арга туршлагатай болсон 22 настай сибирийн бүсгүй, 1932 онд автобусны буудал дээр зогсож байлаа. Тэрээр эцэг шигээ эмч болох гэсэн хүсэл мөрөөдлөө хэдийнээ хаяад, одоо ямар нэгэн ажил төрөл олдвол баярлах болжээ. Францад эдийн засгийн хямрал ид явагдаж байсан болохоор ажил олж хийх нь тун хэцүү бэрх зүйл болсон байлаа.

Гэтэл яг энэ үед нь өөртөө туслах хайж байсан нэрийг нь ч мэдэхгүй зураачийн зарыг олж харсан нь бүсгүйн хувьд их завшаантай зүйл болжээ. Лидия ингэж Матиссийнд иржээ. Зураач далан есөн настай байсан бөгөөд хар бор ажилд (энэ нь будаг шунхаа хусаж арилгах, зургийн тавиур дэлгэцээ бэлтгэх, бусад гарын дорх ажлаа эмхлэж цэгцлэх мэтийн ажлууд) хүч хүрэхээ больж эхлэжээ. Анри орос туслахтайгаа хэл амаа дор нь ойлголцсон бөгөөд Лидия түүний ажилд туслан, урланд нь зургаан сарыг өнгөрөөв.

"Төдий хүртэл би энэ уран зургийн талаар ер нь их маруухан мэдлэгтэй байсан юм. Анри Матисс дэлхийд их нэрд гарсан зураач байсан бөгөөд түүний үүсгэн бий болгосон тэрхүү хийсвэрлэл абстракц зураг гэдгийг нь зүгээр л сонссоноос цаашгүй байснаас биш анхаарч сонирхож байсангүй. Матисс ч өөрөө миний ийм байдлыг хараад, цааш намайг сургая ч гэж бодоогүй байх. Тэр түүний ажил төрөлд нь туслах гэсэн сонирхол зүтгэлийг минь үнэлэн дэмждэг байсан юм" хэмээн Делекторская ярьж байжээ.

"Анри Матисс и Лидия Делекторская"-н зурган илэрц

Биеэ зуруулагч орос бүсгүйг түүний эхнэр гэрээсээ явуулж чаджээ

Хагас жил өнгөрөв. Матисс бүсгүйтэй тооцоогоо хийж мөн 500 франкыг нэмж өгчээ. Аз жаргалтай болсон бүсгүй сэтгэлт эр лүүгээ нисэн очив. Тэд хамтдаа оросын цайн газар нээж ажиллуулах бодолтой байсан ч, амжсангүй. Өнөөх бизнесмен эр нь бүх мөнгөө казиноод тоглоод алдаж орхижээ.

Хэдэн сарын дараа Матиссын хүргэн болох залуу нь Лидияг нь нэгэн шөнийн клубээс олжээ. Бүсгүй тэнд бүжигчин болж, жаахан мөнгөтэй болохыг бодон дөрөв хоногийн бүжгийн буухиа тэмцээнд оролцохоор бэлтгэж байлаа. Энэ тухай олж мэдсэн Анри бүсгүйн араас машин илгээж авчраад, дажгүй сайн цалин хөлстэйгээр өнөөх суугаа ажлаа үргэлжлүүлэн хийжээ.

Суугаа ажил нь зураачид өөрт нь хэрэг байсангүй, харин түүний эхнэр болох Амелияд нь хэрэгтэй байв. Тэрээр түүнтэй амьдралынхаа 25 жилийн хамт өнгөрөөсөн ажээ. Тэр түүнийг бүхий л талаараа дэмжин туслаж, тэвчиж уучлан, хоёр хүүг нь төрүүлж, мөн хууль бус дагавар охиныг нь ч хүртэл өсгөсөн байлаа. 1930-д оны эхэнд түүнд өөрт нь тусламж дэмжлэг их хэрэгтэй болжээ. Амелия өвчнөөсөө болоод орноосоо ч өндийж босож чадахаа больжээ.

Делекторская Матиссынд байх боллоо. Лидия ихэнхи цаг заваа Амелияд зориулж байлаа. Үдэш орой болоход Матисс түүнтэй тооцоогоо хийж мөн бэлэн мөнгөөр нэмэгдэл хөлсийг нь төлж байлаа. "Та өнөөдөр жаахан саатаж орхив бололтой, Мадам Лидия. Тийм болохоор ресторанд орж хооллоорой" гэнэ.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Нэг удаа Делекторскаяг Амелиятай ярилцангаа, өөрийнхөө дуртай суудал болох гараа сандалын түшлэгт тавьж суухыг харсан Матисс таталбар зураг хийжээ. Дараагийн хорин жилийн дотор Анри түүний хэдэн арван хөрөг зургийг зурсны дотор хамгийн нэрд гарсан нь "Хөх цамцтай бүсгүй" болон 1947 онд зурсан цэнхэр, шар цамцтай зургууд нь орно.

Делекторская аажимдаа Матиссыг "эрхэндээ" оруулав. Тэр түүний уран бүтээлийг нь ивээн тэтгэгч тэнгэр нь болж хувирчээ. Зураачид эхэндээ ийм нэгэн улцгар, цайвар цагаан хүүхнүүд хэзээ ч таалагдаж байсангүй (Матисс өмнөд нутгийн бүсгүйчүүдийг, мөн охиноо л зурдаг байжээ). Лидия эхнэрийг нь асарч сувилах ажлаа үргэлжлүүлэн, бас нарийн бичгийн ажил үүрэг, урлангийн газрын туслахын ажлуудыг хийж гүйцэтгэдэг байв.

Делекторскийг Матиссын гэрт хүрч ирснээс нь хойш түүнд өөр бусад эрчүүдийн хэрэг ч үгүй болов. Харин Анри удалгүй эхнэрээсээ салав. 1939 онд зураачын "уран бүтээлийн холбоо" болон биеэ зуруулагч эмэгтэйг зовож шаналан, тэсч тэвчихээ болиод нөхрөөсөө салахаар шийдсэн байлаа. Салж явахдаа тэрээр, зураг, барималууд гээд эд хөрөнгийнх нь талыг авч явжээ. Энэ явдалд Анри нэг их гуниж гутарсангүй, түүнтэй хамт мадам Лидия нь үлдсэн билээ. Делекторская, бидний хооронд бие сэтгэлийн нарийн харьцаа байгаагүй хэмээн өөрийнхөө дурьтгалд батлан бичсэн нь бий.

Сибирь дэхь хүүхэд ахуй насаа дурсан санасан нь.

Дайн болж хүнд бэрх цаг үе тулгарав. Германчууд Франц руу дайрав. Матисс, Делекторская хоёр фашистуудаас амь зулбахын тулд Парисаас гарч зугатаан, улс орноороо хэрэн тэнэж явсаар эцэст нь галын шугамын бүсийн ойролцоох "Мөрөөдөл" хэмээх нэгэн цэцэрлэгт харшид нүүж иржээ. Чухамхүү энд л сибир нутгийн унаган хүүхэд байсных нь хэрэг гарч, түлээ түлш бэлтгэн, зуух пийшингээ галлан, салхи жавар хаан, цонхоо хивсээр даавуугаар бөглөж таглан дулаалжээ. Бас тулалдаж ноцолдох дээрээ хүрвэл юмыг яаж мэдэх вэ хэмээн боксын хэдэн цохилтууд сурч авчээ.

Гэхдээ энэ бүх аж ахуйн аар саар ажил нь түүнийг урлагийн их мастерт үйлчлэх тэрхүү үүрэг зорилгоос нь холдуулсангүй. "Бүр их уйтгарлах үедээ мадам Лидиягийн хөрөг зургийг зурахаар суудаг байлаа" хэмээн Матисс ярьсан байдаг.

Жилдээ хоёр удаа буюу зургаан сарын 23 нөгөө нь Шинэ оны баяраар түүнд өөрийнхөө зурсан зургаар бэлэг барьдаг байсан нь Анри, Дидия хоёрт уламжлал болон тогтсон байлаа. 1945 онд фашизмыг ялсны дараа Делекторская өөрт байгаа зурагнууд дээрээ Матиссаас хэдэн зураг нэмж худалдаж аваад эх орондоо бэлэглэхээр шийджээ. Тэгээд долоон зургийг тэр үеийнх нь ханшаар худалдаж авчээ. Матисс ч түүнд хөрөг зураг бүхий нэг зургаа нэмж бэлэглэжээ. Ийм маягаар Лидия бэлэгнийхээ эхний хэсгийг бүрдүүлээд ЗХУ руу илгээжээ. Бэлгийн зурагнууд нь чамгүй их болов. Делекторская ингэх бүртээ аугаа их мастерийн бүтээлүүдийг өөрийнхөө байгаа мөнгөөр эсвэл өр тавин байж авах бөгөөд бас байрныхаа зарим хэсгийн зарж худалдаж байгаад авдаг байлаа.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Матисс 1954 оны арваннэгэн сард нас барав. Энэ өдөр Лидия өөрийнхөө эд юмсыг цуглуулж аваад, түүний гэрээс үүрд явсан юм. Зураачын оршуулганд түүнийг урьсан ч үгүй.

Урлагийн ивээгч шүтээн нь болсон тэрбээр зураачынд 44 жил жил амьдарсан байлаа. Лидия Делекторская зураачын ном бүтээлүүдийг нь үргэлжлүүлэн худалдаж авсаар байсан бөгөөд тэр бүхнийгээ зөвлөлтийн Эрмитаж болон москвагийн Пушкиний нэрэмжит музейнүүдэд бэлэг болгон өгсөн юм. Харин ЗХУ - ын иргэн болох гэсэн түүний хүсэлтийн хариуд зөвлөлтийн засгийн газар татгалзсан хариу өгсөн ажээ. Тэрээр париж дахь жижигхэн байрандаа ганцаар даруухан амьдарч, нийтийн унаагаар зорчдог байсан ч, Матиссын уран бүтээлээр дэлхийд хамгийн нэртэй нэгэн эксперт байсан бөгөөд амьдралынхаа сүүл үе рүү нэг ч ярилцлага өгөлгүй, татгалзсаар байсан гэдэг.

Мөн тэрээр зохиолч Константин Паустовскийтэй нөхөрлөж, түүний 11 боть зохиолыг нь франц хэл рүү хөрвүүлсэн ажээ. Тэр 1998 онд 87 насандаа Францад насан эцэслэсэн (амиа хорлосон) бөгөөд чандарын шарилыг нь Петербургын дэргэд дэхь Павловскт оршуулжээ. Харин Делекторскаягийн өөрийн нь Париж дахь оросуудын оршуулгын газар бэлдэж байсан шарилын газар нь хоосон үлдэж хоцорсон гэдэг.

"Намайг Матиссын "эхнэр" байсан уу гээд сонирхож байна уу. Үүнд үгүй ч гэж болно, бас тийм ч гэж болно. Энд эд баялаг болоод биеэрээ бол үгүй гэж, харин сэтгэл, оюун санаагаараа бол бүр ч илүүтэй тийм хэмээн хэлж болно. Ийм байдлаараа би түүнд хорин жилийн туршид "гэрэл гэгээ" болж байлаа, харин тэр миний хувьд амьдралын минь цор ганц утга учир минь байлаа". 

Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.